Унгар улс Монгол Улстай хамтран ажиллах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-02-02 15:04:23

Унгар улс Монгол Улстай хамтран ажиллах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаа талаар ГХЯ-наас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” хурлын үеэр Европ, Америкийн газрын дэд захирал Э.Есүхэй онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Өнгөрсөн сарын 24-26-нд Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Ерөнхий сайд Виктор Орбаны дагалдаж тус улсын Засгийн газрын төлөөлөл болон Эксим банк, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга нар ирсэн.

Айлчлалын үеэр таван бичиг баримтад гарын үсэг зурсан. Тухайлбал, 2013 оноос хойш яригдсан “Биокомбинат”-ад Унгар улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр техникийн иж бүрэн шинэчлэл хийхээр болсон. Мөн Унгар улсад суралцах Монгол оюутны тоог 200 болгож нэмэгдүүлсэн билээ.

Өнгөрсөн онд тус улсын Ерөнхийлөгч болон Гадаад хэрэг, худалдааны сайд Монгол Улсад айлчилж, Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээн байгуулсан нь Монгол Улстай хамтран ажиллах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” хэмээв.

Виктор Орбан айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсаэн уулзалт, албан ёсны хэлэлцээ хийснээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболдод бараалхаж хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ