Зүүн бүсийн залуус чуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-15 13:54:23

Монголын Залуучуудын холбоо Зүүн бүсийн чуулга уулзалтаа энэ сарын 11-13-нд Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай зохион байгууллаа. 

“Эх нутгийн хөгжил Эрин зууны залуус” уриан дор зохион байгуулсан энэхүү чуулганд Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр аймгийн залуус, МЗХ-ны дэргэдэх байнгын хороодын дарга, тэргүүлэгчид зэрэг 300 орчим залуус оролцов. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганаар залуучууд улс  эх орныхоо болоод орон нутгийнхаа хөгжлийн төлөө ямар ажил хэрэгжүүлж болох талаар болон залуусын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг хамтдаа ярилцжээ.

Чуулганд оролцсон 6 аймгийн төлөөлөгчид мөн нутаг орондоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулав. Тухайлбал,  Хэнтий аймгийн Залуучуудын холбоо орон нутгийн хэмжээнд анх удаа “Шилдэг гэр бүл-Шинэ байран”-д  реалити шоу зохион байгуулж, одоогоор 5 гэр бүл шинэ байрандаа орсон байна.

Түүнчлэн Дундговь аймгийн залуус спиртлэг биш спортлог нөхөрлөлийг дэмжсэн аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аймгийн залуус зориулалтын хөлбөмбөгийн талбайтай болжээ. Харин Дорнод аймгийн хувьд 40 мянга гаруй залуус амьдарч байгаа бөгөөд тэдний дунд  хөдөлмөр эрхлэлтийн байдал нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон байна. Тиймээс Дорнод аймгийн Залуучуудын холбооноос ажлын туршлагагүй дөнгөж төгссөн залуусыг ажлын байранд зуучилж, ажил олгогч байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд