Сар шинээр Онцгой байдлын хэлтэст 2 дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРСар шинийн баяртай холбогдуулан Баянхонгор аймгийн онцгой байдлын алба хаагчид энэ сарын 08-15-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Баяр амралтын өдрүүдэд тус аймгийн хэмжээнд нийт 2 удаагийн дуудлагаар гарч тус албаныхан шуурхай үүрэг гүйцэтгэсэн байна.
Тодруулбал, энэ сарын 13-н буюу шинийн 4-нд Баянхонгор сумын “Гэгээн-шавь” 6 дугаар багт Sonata-2 маркийн автомашин шатаж байна гэх дуудлагаар Гал унтраах аврах ангийн салаа ээлжийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход иргэд өөрсдөө унтраасан байжээ. Мөн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан Prius-20 маркийн автомашины 2 дугуй хагарч явах боломжгүй болж дотор нь зорчиж явсан 4 иргэн осгох /хөлдөх/ аюулд ороод байсныг Баянхонгор аймгийн Онцгой байдлын албаны Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчид шуурхай ажиллаж амь насыг нь осгох /хөлдөх/ аюулаас авран хамгаалсан байна.
Цаашид ард иргэд холын замд гарахдаа баталгаат замаар, автомашины бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлаа хангаж зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.Мөнхзул