Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-17 16:40:56

МОСКВА./РИА Новости/. Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний босогчид цуврал халдлага үйлдсэний улмаас Афганистанд цагдаагийн 15 алба хаагч амиа алдсан тухай Синьхуа агентлаг тус улсын хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цуврал халдлагуудын нэгийг Афганистаны баруун хойд нутагт оршдог Бадгис мужид даваа гарагийн өглөө үйлдсэн байна. Халдлагын үеэр цагдаагийн эргүүл хяналтын цэгт хууль сахиулах байгууллагын таван ажилтан амиа алджээ. Буудалцааны үеэр мөн хэд хэдэн босогчийг устгасан байна.


Синьхуа агентлагийн мэдээлснээр, бас нэгэн халдлагыг ням гарагаас даваа гарагт шилжих шөнө Фарах мужийн шалган нэвтрүүлэх цэгт үйлдсэн байна. Талибуудын халдлагын улмаас арван цагдаа амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болжээ. Босогчид мөн зэвсэг булааж авсан байна.


Афганистанд Засгийн газрын цэргүүд болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний босогчдын хооронд мөргөлдөөн болж байгаа юм. Уг мөргөлдөөн урьд нь хөдөө аж ахуйн бүс нутгуудад томоохон газар нутгийг хамарсан юм. Түүнчлэн тус улсын нутаг дэвсгэрт террорист “Лалын улс” бүлэглэлийн нөлөө нэмэгдсэн байна. Афганистаны Батлан хамгаалах болон аюулгүй байдлын үндэсний хүчин терроризмтой тэмцэх хамтарсан ажиллагааг орон даяар явуулж байгаа аж. 



Холбоотой мэдээ