АНУ Оросын 33 албан тушаалтныг хар жагсаалтад оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын эрх баригчид Оросын батлан хамгаалах-аж
үйлдвэрийн цогцолбортой холбоотой 33 албан тушаалтныг хар жагсаалтдаа нэмж
оруулжээ. Энэ тухай Америкийн Засгийн газрын өндөр албан тушаалтан
сэтгүүлчидтэй утсаар ярилцахдаа мэдэгдсэн байна.
“CAATSA” буюу Америкийг
эсэргүүцэгчдэд хориг арга хэмжээ авах тухай хуулийн хүрээнд “ОХУ-ын батлан хамгаалах болон тагнуулын салбарын эрх
ашгийн төлөө ажилладаг 33 хүнийг хар жагсаалтад оруулсан” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео онцлон хэлжээ.
“Жагсаалтад багтсан эдгээр хүмүүсийн аль нэгтэй нь ажил
хэргийн томоохон ажиллагаанд зориудаар хамт оролцвол хориг арга хэмжээ авна”
гэж дээрх жагсаалтын бүрдүүлэлтийг зохицуулдаг “CAATSA” хуулийн 231 дүгээр зүйлд
заасан байна. Өөрөөр хэлбэл, уг хуульд Оросын батлан хамгаалах болон тагнуулын
байгууллагын салбарт хамтран ажиллаж буй гуравдагч орнуудын эсрэг Америкийн
хориг хязгаарлалтыг хэрэглэх тухай зааж байгаа юм.
Жагсаалтад багтсан хүмүүс болон хуулийн этгээдүүдэд шинээр хориг арга хэмжээ аваагүй болно. Гэхдээ
тэдгээрийн олонх нь урьд нь хэдийнээ Вашингтоны хориг хязгаарлалтад өртсөн
байна.
Хар жагсаалтад орсон хүмүүс болон байгууллагууд
АНУ-ын эрх баригчид хяналтын жагсаалтынхаа батлан
хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборын хэсэгт дараах гурван байгууллагыг оруулсан
нь “Вагнер” цэргийн хувийн компани, "Оборонлогистика" хязгаарлагдмал хариуцлагатай компани
болон Комсомольск хотын Ю.А. Гагарины нэрэмжит нисэх онгоцны
үйлдвэр юм.
Оросын
тагнуулын байгууллагатай холбоотой жагсаалтад Санкт-Петербургийн “Интернэт
судалгааны агентлаг”, "Конкорд менежмент ба консалтинг" болон "Конкорд кейтеринг" хязгаарлагдмал
хариуцлагатай компани хийгээд нэр бүхий 27 хүнийг оруулжээ.
“CAATSA” нь “Америкийг эсэргүүцэгчдэд хориг арга
хэмжээ авах тухай” хууль юм. Орос, Иран, БНАСАУ-ын эсрэг янз бүрийн нэмэлт
хориг арга хэмжээ авах зорилготой уг хуульд Дональд Трамп 2017 оны зун гарын
үсэг зуржээ.
Д.Жаргал