Триполид болж буй мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо 115 болов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /РИА Новости/. Ливи улсын нийслэл Триполи хотод болж буй мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо 115 болж, 560 хүн гэмтэж шархадсан тухай тус улсын “Al-Wasat” цахим хуудсанд Триполи хотын цэргийн эмнэлгийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Мөргөлдөөний улмаас 66 хүн
амиа алдаж, 187 хүн гэмтэж бэртсэн гэж урьд нь мэдээлж байв.
“Ливийн нийслэл Триполи хотод
наймдугаар сарын 26-нд эхэлсэн мөргөлдөөний улмаас 115 хүн амиа алдаж, 560 хүн
гэмтэж шархадсаны 383 нь хүнд болон дунд зэргийн шарх авсан бол 177 хүн хөнгөн гэмтэж
шархадсан байна” гэж уг цахим хуудсанд мэдээлжээ.
Дээрх мөргөлдөөнд нэг талаас Ливийн Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын Батлан хамгаалах яаманд хамаардаг “Явган цэргийн долдугаар бригад” оролцож байгаа юм. Уг бригадын бараг бүх цэрэг нь Триполи хотоос зүүн өмнө зүгт хэдэн арван км-ын зайтай оршдог Тархун хотын оршин суугчид аж. Тархун хотын цэргүүд өөрсдийгөө “Саур Триполи” буюу “Триполигийн хувьсгалчид” гэж нэрлэсэн Үндэсний зөвшилцлийн Засгийн газрын Дотоод хэргийн яаманд албан ёсоор ордог бүлэглэлтэй мөргөлдөж байгаа юм. “Триполигийн хувьсгалчид” нь Ливийн нийслэл хотын иргэд аж.
Триполи хотын дүүргүүдийн оршин суугчид мөргөлдөөний явцад их бууны галд олноороо өртөж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, мөргөлдөөний улмаас 40 гаруй хүн амиа алджээ. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын мэдээлж буйгаар, хотын оршин суугчид, мөн 8000 орчим дүрвэгч, цагаач мөргөлдөөний бүсэд боогдож гацсан байна.
2011 онд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Ливийн удирдагч
Муаммар Каддафийг түлхэн унагааж, хөнөөсний дараа тус улсад хурц хямралын үе
үргэлжилсээр байгаа юм. Ливид хоёр төр засаг бий болоод байгаа бөгөөд тус улсын
зүүн нутагт орших Тобрук хотод бүх нийтийн сонгуулиар сонгогдсон парламент
хуралдаж байгаа бол баруун нутагт нийслэл Триполи хотод НҮБ болон Европын
Холбооны дэмжлэгтэйгээр байгуулагдсан Үндэсний зөвшилцлийн Засгийн газар үйл
ажиллагаагаа явуулж байна. Ливид Каддафийг түлхэн унагасны дараа төр засаг хоёр
хуваагдаж, аюулгүйн байдлын тогтолцоо алдагдсаны улмаас зэвсэгт босогчдын
бүлэглэлүүд болон террорист байгууллагуудын үйл ажиллагаа улам бүр идэвхжжээ. Төвлөрсөн
эрх мэдэл, нэгдмэл арми байхгүйн улмаас Ливи улс хууль бус наймааны төв, Африкаас
Европын орнуудыг зорьж буй хууль бус цагаачдын дамжин өнгөрөх цэг болж хувирсан
байна.
Д.Жаргал