Хонконгийн Үндэсний намын үйл ажиллагааг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-24 14:10:51

БЭЭЖИН. /РИА Новости/. Хятадын засаг захиргааны тусгай бүс болох Хонконгийн тусгаар тогтнолыг дэмждэг Үндэсний намын үйл ажиллагааг тус тусгай бүсийн эрх баригчид албан ёсоор хоригложээ. Энэ тухай Хонконгийн Засгийн газраас нийтэлсэн тус бүсийн Аюулгүй байдлын асуудал хариуцсан нарийн бичгийн даргын захирамжид дурдсан байна.

Уг захирамж даваа гарагт нийтлэгдсэн цагаасаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд одоо тус намын явуулж буй аливаа үйл ажиллагаа хууль бусад тооцогдоно. Тус намын гишүүн байх, намын хэрэгцээнд зориулж хөрөнгө мөнгө босгох, цуглуулах мөн хориотой.

Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа учраас Үндэсний намын үйл ажиллагааг хориглохыг тусгай бүсийн цагдаагийн газар энэ оны зургадугаар сард зөвлөсөн байна. Хууль сахиулах байгууллагынхан Үндэсний намын гишүүдийг Хонконгийг БНХАУ-аас салгаж, тусгаар тогтнуулах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг оролдож байна гэж буруутгажээ.

 Д.Жаргал

Холбоотой мэдээ