Скрипалийн хэрэгт холбоотой гурав дахь этгээдийн хэн болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-28 10:23:22

ЛОНДОН. /ТАСС/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нарыг Английн Солсбери хотод хордуулсан хэрэгт сэжиглэж буй гурав дахь этгээдийн хэн болохыг Их Британийн тусгай алба болон Цагдаагийн газрын терроризмтой тэмцэх анги нэгтгэл тогтоожээ. Энэ тухай “The Daily Telegraph” сонинд пүрэв гарагт мэдээлсэн байна.  

Тус сонинд мэдээлснээр, “Оросын цэргийн тагнуулын гурав дахь ажилтан” Скрипалийн амь насанд халдах төлөвлөгөөг боловсруулахад туслах зорилгоор Солсберид тагнуулын ажил гүйцэтгэж байсан байж магадгүй. Гэхдээ тус сонинд "Солсберийн үйл явдалд" холбогдсон шинэ сэжигтний нэрийг дурдаагүй байна.

Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон Оросын хурандаа асан болон түүний охиныг гуравдугаар сарын 4-нд гэрийнх нь хаалганы бариулд мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг саатуулдаг бодис түрхэн хордуулсан гэж Их Британийн тал үзэж байгаа юм.

Энэ хэрэгт ОХУ холбоотой байх өндөр магадлалтай гэж Их Британийн эрх баригчид мэдэгдсэн билээ. Харин Оросын эрх баригчид үүнийг эрс эсэргүүцсээр байгаа бөгөөд Скрипалийг хордуулсан бодисыг үйлдвэрлэх хөтөлбөр Зөвлөлтийн үед ч ОХУ-ын үед ч хэрэгжүүлж байгаагүй гэдгийг цохон тэмдэглэж байгаа юм.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй есдүгээр сарын 5-нд дээрх хэргийн мөрдөн шалгалтын дүгнэлтүүдийн талаар парламентдаа мэдээлэл өгчээ. Скрипалийг хордуулсан хэрэгт Александр Петров, Руслан Боширов гэдэг нэрээр биеийн байцаалттай Оросын хоёр иргэнийг сэжиглэж байгаа болохыг хэлсэн байна. Их Британийн тусгай албаныхан тэднийг Оросын Тагнуулын газрын ажилтнууд гэж үзэж байгаа юм. Харин Петров, Боширов хоёр телевизийн “RT” сувагт ярилцлага өгч, энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ