БНХАУ-ын гадаад улс орнуудад хийх хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх хандлагатай байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-10-03 14:50:38

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Худалдааны яам, Үндэсний Статистикийн газар, Гадаад валютын удирдах газраас жил бүр тухайн жилийн “БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын албан мэдээ”-г боловсруулан гаргадаг ба өнгөрсөн оны мэдээг албан ёсоор танилцууллаа. Хятад улс 2017 онд хийсэн гадаад хөрөнгө оруулалтын хэмжээгээр АНУ, Япон улсын дараа буюу дэлхийд 3 дугаар байрт жагсчээ. Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд гадаад улс орнуудаас Хятад улсад хийсэн гадны хөрөнгө оруулалтын хэмжээнээс давсан байна. Өнгөрөгч оны байдлаар Хятад улсаас гадаад улс орнуудад хийсэн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 158.29 тэрбум ам.долларт хүрлээ. “Хятад улсын гадаад улс орнуудад хийж буй хөрөнгө оруулалт хурдацтай нэмэгдэж буй нь манай улсын эдийн засгийн хөгжил тодорхой хэмжээнд хүрч чадаж байгааг харуулж байна. Хятадын ААН-үүд гадны улс орнууд дахь үйл ажиллагаагаа тэлэх, тухайн улс оронтой харилцан ашигтай, хамтын хөгжлийг бүтээх, дэлхийн эдийн засгийн хөгжилд хувь нэмруу оруулах Хятад улсын бодлого өөрчлөгдөхгүй” хэмээн Хятадын Худалдааны яамны Хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Жан Шинфү хэлэв. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын гадаад улс орнуудад хийж буй шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан бол Хятад улс тус хоёр жилийн хугацаанд дэлхийн гадаад шууд хөрөнгө оруулалтын 10 гаруй хувийг бүрдүүлсэн байна. 2017 онд Хятад улсын Европ, Африк тивд хийж буй хөрөнгө оруулалт ихээхэн өсөлттэй гарчээ. Тодруулбал Европ руу 18.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь 72 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэгвэл Африкт хийж буй хөрөнгө оруулалтын дүн 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь 70 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба Зам” төслийн дагуух орнууд руу хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 20.1 тэрбум ам.долларт хүрч 30 гаруй хувиар өссөн дүн гарчээ. Түүнчлэн Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэгээс саяхан хийсэн судалгаагаар Хятад улсын гадаад улс орнуудад хийх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ойрын 10 жилийн хугацаанд тогтвортой өсөлттэй байж, жилд дунджаар 27 орчим хувиар өснө хэмээн үзсэн байна.


А.Анхбаяр  

Холбоотой мэдээ