Саудын Арабын сэтгүүлч алга болсон хэргийг илрүүлэхээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-08 13:14:29

АНКАРА. /ТАСС/. Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар очсоныхоо дараа алга болсон сэтгүүлч Жамаль Хашкажи чухам ямар байдлаар алга болсныг Туркийн эрх баригчид мөрдөн шалгаж, хаана байгааг нь олж тогтооно гэж тус улсын эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Омер Челик мэдэгджээ. Энэ тухай тэрбээр бямба гарагт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогоны даргалан явуулсан намын хурлын үеэр мэдэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажлыг маш өндөр түвшинд явуулж, энэ хэргийн ард хэн байгааг олж тогтооно гэж тэрбээр онцлон хэлжээ.

Хашкажи аравдугаар сарын 2-нд бичиг баримт бүрдүүлэхээр Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар очсон байна. Түүний сүйт бүсгүйг консулын газарт оруулаагүй бөгөөд таван цагийн дараа Хашкажиг явсан гэж хэлжээ. Сүйт бүсгүй энэ мэдээлэлд итгэхгүй байгаа бөгөөд одоо түүнийг хаана байгааг мэдэхгүй байгаа аж.

Үүний сацуу Milliyet сонинд Туркийн аюулгүйн албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилж буйгаар, Хашкажи Ерөнхий консулын газраас одоог хүртэл гараагүй байна. Истанбулд болсон хэргийг мөрдөн шалгахаар Саудын Арабын 15 мэргэжилтэн хоёр нисэх онгоцоор ирсэн бөгөөд консулын газарт очсон аж. Тэднийг очиход Хашкажи консулын газарт байсан гэж Milliyet сонинд бичжээ. 

Холбоотой мэдээ