"Шинэ Ховдын залуус" чуулга уулзалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-08 16:00:06

Ховд/МОНЦАМЭ/.Улсын Их хурлын гишүүн С.Бямбацогт санаачилга, ХНХЯ-ны дэмжлэг, Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, ХХҮГ хамтран “Шинэ Ховдын Залуус” Ховд аймгийн залуучуудын чуулга уулзалт 10 дугаар сарын 08-нд Ховд хотноо  эхэллээ. Залуучуудын нийгмийн идэвхийг сэргээх, оролцоог нэмэгдүүлэх, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн байх, тулгамдсан асуудлаа ярилцах, шийдвэрлэх, гарцыг хайх зорилготой чуулга уулзалтад Ховд аймгийн 17 сумын 300 орчим залуу оролцож үзэл бодлоо илэрхийлж буй.

Хязгаар нутгийн залууст "Workcentral Mongolia" олон улсын хамтын оффисын төсөл хөтөлбөр хариусан менежер Г.Учрал “Хөгжлийн төлөөх оролцоо ба би дэлхийн хүн”, "Полиси" төвийн захирал Г.Эрдэнэгэрэл “Залуучуудын өрсөлдөх чадвар”, "Маяара" брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал “Гарааны бизнесээ хэрхэн эхлэх вэ?”, гэр бүл судлалын ухааны доктор Г.Наранбаатар “Бүхний эхлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хамтран ярилцсан юм.

Салбар хэлэлцүүлгийн дараа нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр чуулга уулзалтад оролцогч залуучуудад хандан УИХ-ын гишүүн С.Бямбацогт амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлнэ.Чуулга уулзалтад оролцогчид бүтээлч ажил өрнүүлж, спортын уралдаан тэмцээнд оролцсоноор үйл ажиллагаа өндөрлөнө. Чуулганд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар оролцож байна.


                                                                                                                                                                                                        А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ