Нийтийн аж ахуйн салбарын баярыг тохиолдуулан гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-15 13:38:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн салбар байгуулагдан хөгжсөн түүхт 87 жилийн ойн өдөр буюу Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын баярын өдөр тохиож байна. Энэ хүрээнд “Дархан-ус” суваг компаниас байгууллагынхаа бүх албадын ажилчдыг хамруулсан байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус компанийн тухайд өр авлага барагдуулах аяныг өрнүүлж нийт өрийн 65 гаруй хувийг татан төвлөрүүлж чадсан гэх зэрэг олон амжилт үйлсээр салбарын баяраа угтаж байгааг “Дархан-Ус суваг” ХК-ийн Нийтлэг үйлчилгээний албаны дарга Н.Юра онцоллоо.

Тэмцээний үеэр тус салбарт олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан болон салбартаа амжилтаараа тэргүүлсэн 20 орчим ажилтныг Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан, Барилга, хот байгуулалтын яамны болон аймгийн Засаг даргын жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа.

Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын баярын өдрийн хүрээнд тус байгууллагын ажилчид спортын ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдөн аваргуудаа тодруулахаас гадна шилдгүүдээ шагнаж урамшуулжээ.

Нийтийн аж ахуйн салбарт гар бие, сэтгэл оюунаа зориулан өвөл зун, өдөр шөнийг ялгалгүй, тогтвортой, найдвартай үйлчилгээг олон нийтэд үзүүлж байдаг салбарын хамт олондоо Дархан-Ус суваг ХК-ийн захирал П.Ариундалай баярын мэндчилгээ дэвшүүлж байлаа.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ