Сэтгүүлчид Цагдаагийнхны нэг шөнийн ажлыг сурвалжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-15 16:22:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-аас өнгөрсөн баасан гарагийн 22-02 цагийн хооронд зохион байгуулсан "Шөнийн сурвалжлага" ээлжит арга хэмжээнд оролцсон сэтгүүлчид Баянгол, Сонгинохайрхан дүүргийн  цагдаагийн хөдөлгөөнт эргүүл, эрүүлжүүлэх байр, хяналтын постын үйл ажиллагаа болон алба хаагчдын тусгай хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн хангалттай танилцав.



Баянгол дүүргийн 13 дугаар хорооноос хамгийн их дуудлага мэдээлэл ирдэг

Сурвалжлах баг хамгийн эхэнд Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид шөнийн эргүүлд гарах гэж буйтай нь таарав. Тус хэлтсийн хэв журмын тасгийн дарга, ахмад Б.Дулмаадоржтой уулзахад, "Манай хэлтэст ачаалал ихтэй ажилладаг, хамгийн их дуудлага 13 дугаар хорооноос ирдэг. Шөнийн 22.30 цагийн байдлаар 104 дуудлага  авснаас зөрчлийн 77, гэр бүлийн хүчирхийллийн 11, гэмт хэргийн шинжтэй 14 дуудлага байна. Одоогоор 9 хүнийг эрүүлжүүлэх байрт саатуулсан, маргааш хариуцсан хэсгийн цагдаа нарт хүлээлгэн өгч хуулийн дагуу арга хэмжээ авна. Өнөөдөр 26 чиглэлд 52 алба хаагч эргүүлд гарахаар үүрэг, чиглэл авлаа"хэмээн танилцуулав.



Худал дуудлага мэдээлэл өгвөл зөрчлийн хуулиар шийтгэнэ

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн 11 дүгээр хороонд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид гэртээ агсам тавьсан иргэнийг саатуулан эрүүлжүүлэх байрт хүргэж байлаа.

Жолооч, Ахлах ахлагч Р.Баянмөнх, "Манай эргүүлийн баг зөрчлийн 6, гэр бүлийн хүчирхийллийн 4, хуурамч 1 дуудлагад очлоо. 3 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Худал дуудлага мэдээлэл өгсөн иргэн М-ийг олж тогтоосон. Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцно. Манай хариуцсан хэсэг  ихэвчлэн гэр хороолол учир хаяг тодорхой бус байгаа нь иргэдийн мэдээллийн дагуу шуурхай очиход хүндрэл үүсгэдэг. Сүүлийн үед автомашинд байршил тодорхойлогчтой, иргэдийн ял эдэлж байсан эсэх, эцэх эхийн мэдээллийг шууд харах, сэжигтэй тээврийн хэрэгслийн серийн дугаараар мэдээлэл олж авах боломжтой орчин үеийн таблеттай болсон нь бидний ажлыг маш их хөнгөвчлилж байгаа” гэв.

Уг таблетаас гадна цагдаагийн алба хаагчдад өөрийгөө хамгаалах хутга, мэсэнд зүсэгддэггүй бээлий, сум нэвтэрдэггүй хантааз, хэргийн газрыг баримтжуулах энгэрийн камераар хангагджээ.



Замын хөдөлгөөний зөрчил гаргасан жолоочид газар дээр нь арга хэмжээ авна

Дараа нь Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны орчим байрлах Замын цагдаагийн хэлтсийн шинээр байгуулсан Хяналтын постны үйл ажиллагаатай танилцав. Тус хяналтын цэгийг 77 сая төгрөгийн өртгөөр байгуулжээ. Хурд хэмжигч, сэжигтэй, зугтаасан тээврийн хэрэгслийг албадан зогсоогч, таблет, хантааз, резинэн сумтай гар буу зэрэг цагдаагийн ажилтанд байх ёстой  орчин үеийн тоног, төхөөрөмжөөр алба хаагчдаа хангаж тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаа байгуулжээ.

Тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөн зохицуулагч, ахлах ахлагч Д.Батчулуун, "Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдэд  зөрчил ихтэй байдаг. Тэдгээрт хяналт тавихаар уг постыг байгуулсан.

Сүүлд олгосон таблетаас зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн талаар бүх мэдээллийг харах боломжтойгоос гадна согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн жолоочийг 2 секундын дотор тандагч багажаар илрүүлж газар дээр нь жолоо барих эрхийг түдгэлзүүлдэг болсон. Албан хаагч энгэрийн камертай, автомашин бичлэг хийх хар хайрцагтай болж зөрчлийн нөхцөл байдлыг баримтжуулдаг. Мөн шинээр ирсэн хурд хэмжигч төхөөрөмж нь нэг километрт  хурд хэтрүүлэн явж байгаа тээврийн хэрэгслийг зургаар баталгаажуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүлжүүлэх байр шөнийн 00.00 цагийн байдлаар 20 орчим иргэнийг эрүүлжүүлэв.  Тус хэлтсийн алба хаагчид хоногт дунджаар 35-40 согтуу хүнийг эрүүлжүүлдэг байна. Эрүүлжүүлэх байр бүрт нэг эмч, камерын хяналтын хоёр цагдаа, холбоочин, дуудлагын алба хаагч шөнийн ээлжинд жижүүрлэдэг байна.



2500 албан хаагч ажил мэргэжлийг хөнгөвчлөх таблеттай болно

ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, хурандаа С.Баасанжав, "Энэ жил цагдаагийн байгууллагын бүтээн байгуулалтын жил байлаа. Улсын хэмжээнд нийтдээ 27 замын хөдөлгөөний хяналтын пост барьсан. Одоогоор 50 орчим хувь нь ашиглалтад орсон бөгөөд ирэх сард багтааж бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Хэнтий аймаг дахь конторын барилга, Улаанбаатар хотод Мөрдөн байцаах албаны барилгыг мөн барьж байгаа.

Автомашин парк шинэчлэлтэй холбоотой улсын төсөвт 1 тэрбум төгрөг тусгасан. Бүх аймгийн Цагдаагийн хэлтэс туулах чадвар сайтай “УАЗ-Фургон”-той болсон. Албан хаагчид 24 цаг тасралтгүй ээлжлэн унадаг хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудын дугуйн элгэдэл их. Бид өвлийн бэлтгэлээ хангаж дугуйгаа сольж, шинээр ирсэн тусгай хэрэгслээ албан хаагчдад тараах ажлыг эхлүүлсэн. Шинээр байгуулж буй 27 пост дээр хурд, согтууруулах ундаа хэмжигч багаж хуваарилан өглөө. Сүүлд ирсэн таблетыг хөдөлгөөнт эргүүл төдийгүй гудамжинд үүрэг гүйцэтгэж байгаа 2500 эргүүлийн албан хаагчдад олгохоор ажиллаж байгаа” гэв.



Улсын хэмжээнд нийт гомдол мэдээллийн 59.4 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн, “Нийслэлийн хэмжээнд хоногт 1400 орчим дуудлага мэдээлэл ирдэг. Үүнээс 60 орчим хувь нь гэмт хэргийн шинжтэй, үлдсэн нь гэр бүлийн хүчирхийлэл болон согтуугийн дуудлага байдаг. Нийт дуудлага мэдээллийн 40 орчим хувь нь хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг байдаг. Ихэвчлэн 22.00-06.00 цагийн хооронд үйлддэг байна. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар 145 мянга гаруй гомдол мэдээлэл бүртгэгдсэний буюу 54.9 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотын гудамж, талбай, олон нийтийн газар согтуугаар үйлдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Эмзэг цэг” эргүүл хяналт шалгалтын арга хэмжээг нэг жилийн хугацаатай зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд 3144 зөрчил илрүүлж, 249 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Хууль зөрчсөн нийт 28 ААН-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн" гэлээ.

Холбоотой мэдээ