АНУ “сар тутамд хоёр удаа” ОХУ-д хориг арга хэмжээ авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-19 09:54:46
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын эрх баригчид Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д сар тутамд хоёр удаа хориг арга хэмжээ авахаар болжээ. Энэ тухай Украины асуудал хариуцсан Америкийн тусгай төлөөлөгч Курт Волкер Вашингтон хотноо Атлантын зөвлөлийн бага хуралд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Тэрбээр цохон тэмдэглэхдээ, Орост хориг арга хэмжээ авах асуудлаар АНУ “Европын холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллаж байна” гэжээ.

Хориг арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэж байгаа бөгөөд үүний нотолгоо ч Орос улсад ажиглагдаж байгааг харж байна гэж Волкер хэлсэн байна.

Хориг арга хэмжээний тусламжтайгаар АНУ болон Европ дотоодын улс төрийн асуудлуудаа шийдэж байна. Гэхдээ тэд Оросын байр суурьд нөлөөлж чадахгүй гэдгээ маш сайн ойлгож байгаа гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Euronews” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Украины хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж Өрнөдийн орнууд ОХУ-ыг буруутган 2014 онд хориг арга хэмжээ авсны дараа Орос болон Өрнөдийн орнуудын харилцаа муудсан билээ. Мөн оны 8 дугаар сард Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын эсрэг хориг тавьсан ЕХ, АНУ, Канад, Австрали, Норвеги улсаас нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний импортыг хязгаарлан хариу арга хэмжээ авсан юм.  
Холбоотой мэдээ