Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан "Хуримтлалын аян" эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-22 17:38:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо /МБХ/, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, арилжааны банкууд хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, ирээдүйдээ хуримтлал бий болгохын ач тусыг таниулан сурталчлахаар "Хуримтлалын аян" эхлүүлэв.

Аяны нээлтийн ёслолд Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалаг, МБХ-ны гүйцэтгэх захирал Ж. Үнэнбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Штефан Дуппел, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нар оролцож, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, өрхийн төсөв, түүнийг удирдах арга зүйн талаар оролцогчдод мэдээлэл өгөв. 

"Хуримтлалын аян" өнөөдрөөс эхэлж, 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ, лекц, семинар зохион байгуулах бөгөөд энэ сарын 31-нд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт тус тус зохион байгуулагдах юм.  

Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-тай хамтран 2016 оноос хойш хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. 

Дэлхийн 140 гаруй улс оронд ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг тус үйл ажиллагааг зохион байгуулахад Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн онд Монгол Улсын хуримтлалын үндэсний бэлгэ тэмдгийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан. 


Холбоотой мэдээ