Цахимаар шүүхийн бүх төрлийн мэдээлэл авч, мөн санал хүсэлтээ илгээх боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн www.judcouncil.mn цахим хуудсаар иргэд шүүхийн бүх төрлийн мэдээлэл авч, мөн санал хүсэлтээ илгээх боломжтой болов.
Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс "Монгол Улсын шүүхийн мэдээлэл” системийг боловсруулж өнгөрөгч оны 11 дүгээр сараас нэвтрүүлсэн. Уг систем нь шүүхийн үүдэнд байрлах "киоск" төхөөрөмжөөр дамжуулан аль ч шүүхэд нэг загвараар шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ёс зүй цэсээр мэдээлэл өгч, улсын тэмдэгтийн хураамжийн цэсээр тооцоолол хийж, санал асуулга цэсээр шүүхэд үнэлэлт өгч, санал хүсэлт цэсээр саналаа илгээх боломжтой юм.
Системийг илүү өргөн хүрээнд ашиглахаар өнөөдрөөс ШЕЗ-ийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй ажиллуулж эхэлэв. Иймд иргэдийг заавал шүүхийн байранд очихгүйгээр мэдээлэл авч, санал хүсэлтээ илгээх боломжтой болсныг Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсээс мэдээлэв.