Оросын түшмэдэд авахыг зөвшөөрсөн бэлгүүдийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-25 14:01:50
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Засгийн газрын хуулийн төсөл боловсруулах комисс авлигатай тэмцэх төрийн бодлогыг сайжруулахад чиглэсэн багц баримт бичгийг баталжээ. Уг баримт бичигт төрийн албан хаагчдад авахыг зөвшөөрсөн бэлгүүдийн жагсаалтыг оруулсан байна. Шинэ жагсаалтыг "Авлигатай тэмцэх тухай" хуульд оруулах аж.

Урьд нь Оросын түшмэдэд дээд тал нь гурван мянган рублийн үнэтэй бэлэг өгч болдог байжээ.

Харин одоо баримт бичигт зааснаар, төрийн албан хаагчдад “төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны эсвэл байгууллагуудын лого тэмдэг бүхий хэвлэмэл бүтээгдэхүүний хэлбэрээр” бэлэг авахыг зөвшөөрнө. Түшмэдэд мөн цэцгийн баглаа бэлэглэж болно.

Үүнээс гадна, төрийн албан хаагчдад төрийн байгууллага эсвэл орон нутгийн байгууллагуудын шагналын хувиар үнэтэй бэлэг авахыг зөвшөөрч магадгүй.

Хэрэв төрийн албан хаагч авахыг зөвшөөрсөн бэлгүүдийн жагсаалтад байхгүй бэлэг хүлээж авбал ажил олгогчдоо мэдээлэх ёстой байна. Ийм бэлгүүдийг автоматаар улсын өмчид тооцох аж.
Холбоотой мэдээ