НАТО-гийн томоохон сургуулилт Норвегид эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-25 16:50:40
ОСЛО. /РТ/. Европын хойд хэсэгт НАТО буюу Умард Атлантын эвслийн “Trident Juncture” цэргийн сургуулилт эхэллээ. Арваннэгдүгээр сарын 7 хүртэл үргэлжлэх уг сургуулилт 2002 оноос хойш хийсэн сургуулилтуудаас хамгийн томд тооцогдож байгаа юм.

Гол сургуулилтуудыг Норвегийн хойд мужуудад хийнэ. Түүнчлэн Умард Атлантын далайд, Балтын тэнгист, Исландад, Финланд болон Шведийн агаарын орон зайд хийх аж.

Өмнөх “Trident Juncture” сургуулилтыг 2015 оны 10 дугаар сард зохион байгуулж байв. Тухайн үед 30 орчим орны 36 мянган цэрэг, 160 нисэх онгоц, нисдэг тэрэг, хөлөг онгоц, нисгэгчгүй онгоц оролцож байжээ. Харин энэ жилийн сургуулалтыг илүү өргөн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд 50 мянган цэрэг, 10 мянган байлдааны машин, 150 нисэх онгоц, нисдэг тэрэг, Америкийн нисэх онгоц тээгч “Harry S. Truman” хөлөг онгоцыг оруулаад 60 хөлөг онгоц оролцоно. Мөн Умард Атлантын эвслийн гишүүн орнуудын цэргүүдээс гадна, Финланд, Швед болон Украины цэргийн анги нэгтгэлүүд оролцох аж.


Цэргийн уг сургуулилт нь хориглолт, хамгаалалтын шинж чанартай гэж Бельгийн эрх баригчид мэдэгджээ. Харин ОХУ-ын эрх баригчдын үзэж буйгаар, “Trident Juncture” сургуулилтын гол зорилго нь давшилтын шинж чанартай байлдааны ажиллагаа явуулах тактик боловсруулах бөгөөд Америкийн цэргүүдийг Европын нутаг дэвсгэрт хурдан байрлуулах боломжийг судлах юм.
Холбоотой мэдээ