Хулсны баавгайтай зургаа татуулах, тэжээхийг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-10-29 15:54:37

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн эрх баригчид хулсны баавгай олноороо байдаг дархан цаазат газрууд болон төвүүдэд ховордсон уг амьтанд ойрхон дөхөж очих боломжийг жуулчдад олгосон арилжааны зорилготой үйл ажиллагаа явуулахыг тухайлбал, зургаа хамт авахуулах, тэжээхийг хоригложээ.


Жуулчид болон алдартай хүмүүс хулсны баавгайд хэт ойрхон дөхөж очиж байгааг Хятадын хулсны баавгайг хамгаалагчид эртнээс эсэргүүцжээ. Учир нь устаж үгүй болохын ирмэгт байгаа уг амьтанд янз бүрийн өвчин халдааж магадгүй гэж тайлбарлаж байгаа аж.


Интернэт хэрэглэгчдийн ярьж буйгаар, Сычуань мужийн том хулсны баавгай үржүүлгийн газрынхан пандатай зургаа авахуулахад 1000 юань авдаг гэж Хятадын хэвлэлүүдэд бичжээ. Харин тус төвийнхэн энэ мэдээллийг няцааж, зөвхөн мал амьтны эмч нар, эрдэмтэд л хулсны баавгайд ойрхон ажилладаг гэжээ.


Ховордсон амьтны төрөлд хамаардаг хулсны баавгай нь Хятадын төрийн онцгой хамгаалалтад байдаг. Үүнээс гадна, Хятадын бэлгэ тэмдэгт тооцогддог бөгөөд Бээжингийн дипломат харилцаанд онцгой байр суурь эзэлдэг байна. Хулсны баавгайг янз бүрийн орнууд руу илгээх нь уламжлал болон тогтсон бөгөөд “пандагийн дипломат харилцаа” гэж нэрлэх нь ч бий. 

Холбоотой мэдээ