Эммануэль Макрон Европын нэгдсэн арми байгуулахыг санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-06 16:56:01
МОСКВА. /RIA Novosti/. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-аас хараат бус Европын нэгдсэн Зэвсэгт хүчин байгуулахыг санал болгожээ.

“Бид жинхэнэ бүх европын нэгдсэн армийг байгуулах асуудлыг шийдэхгүйгээр европчуудыг хамгаалж чадахгүй. Бидэнд АНУ-аас хамааралгүйгээр бие даан өөрийгөө хамгаалдаг Европ байх ёстой” гэж Макрон “Europe 1” радиогоор мэдэгдсэн байна.

Францын Ерөнхийлөгчийн цохон тэмдэглэснээр, Европ одоо дотоодын ардчилсан үйл явц болон кибер орон зайд хөндлөнгөөс нөлөөлөх маш олон тооны оролдлоготой тулгараад байна. “Бид Хятадаас, Оросоос, тэр ч бүү хэл АНУ-аас өөрсдийгөө хамгаалах ёстой” гэж тэрбээр хэлжээ.

Европын улстөрчид Европын Холбоонд нэгдсэн арми байгуулах саналыг тогтмол тавьдаг. Тухайлбал, Европын төсвийн асуудал хариуцсан комиссар Гюнтер Эттингер “Европ дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг болон гадаадад явуулах ажиллагааг хамтдаа дэмжих” арми байгуулахыг хүсч байгаагаа урьд нь мэдэгдэж байв.
Холбоотой мэдээ