Fox: Бүгд найрамдахчууд таван муж улсын захирагчийн сонгуульд ялах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-07 10:38:07
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын таван муж улсын захирагчийн суудлын төлөөх өрсөлдөөнд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигчид ялах төлөвтэй байна. Ийм урьдчилсан таамгийг телевизийн “Fox News” суваг мягмар гарагийн орой хийжээ.

Тус сувгийн мэдээлснээр, Өмнөд Каролина муж улсын захирагчийн сонгуульд Бүгд Найрамдах намын гишүүн Хенри Макмастер ялж байна. Телевизийн тус компанийн урьдчилсан таамгаар, энэ намын бас нэг гишүүн Лэрри Хоган Мэриленд муж улсын захирагчийн суудалд улиран сонгогдох төлөвтэй байгаа бол тус намын гишүүн Чарли Бейкер Массачусетс муж улсын захирагчын албыг хоёр дахь удаагаа хашиж магадгүй. Теннеси муж улсад Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Билл Ли Ардчилсан намын өрсөлдөгч Карла Динаг ялж байна. Алабама муж улсад Бүгд Найрамдах намын гишүүн Кей Айви ялна гэж “Fox News” сувгийнхан урьдчилан таамаглажээ.


Мягмар гарагт болж буй АНУ-ын Конгрессын болон орон нутгийн сонгуулиар Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг нь, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг дахин сонгох бол 39 муж улсын амбан захирагчийг, мөн муж улсуудын хууль тогтоох хурлын 6073 гишүүнийг, шүүгчид болон сургуулиудын тойргийн зөвлөлийн гишүүдийг сонгоно. Энэ удаагийн сонгууль нь АНУ-ын ерөнхийлөгчийн хамгийн сүүлийн сонгууль болсноос хоёр жилийн дараа болон 2020 онд ерөнхийлөгчийн дараагийн сонгууль болохоос хоёр жилийн өмнө болж байгаа учир завсрын гэж нэрлэжээ.
Холбоотой мэдээ