Шинэ долоо хоногийн өглөө цастай, цуглаантай ширүүхэн эхэллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-11-13 07:54:42


   Увс /МОНЦАМЭ/. "Увсын хөгжлийн төлөө хамтдаа" иргэдээ сонсох цуглаан энэ сарын 12-ны өглөө 10 цагаас өдрийн 13 цаг хүртэл Маршал Ю.Цэдэнбалын талбайд боллоо. Шинэ долоо хоногийн энэ өглөө Улаангомд цасаар шуурч, цаг агаар нэлээн хүйтэн байлаа.


Цуглаанаар өнѳѳгийн нийгмийн бодит байдал, ЖДҮ-ийн сан, Шатахууны үнийн нэмэгдэл, Увс аймгийн 2018 оны улсын болон орон нутгийн хѳгжлийн сангийн зориулалт, тѳрийн ѳмчийг үнэгүйдүүлж буй байдал, тѳрийн албыг найз нѳхѳд тѳрѳл садны холбоо сүлбээгээр дүүргэсэн тухай, хууль бус тендер худалдан авалтын талаар зохион байгуулагчид санал бодлоо илэрхийллээ.

Увсын хѳгжлийн тѳлѳѳ хамтдаа” цуглааныг аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Батболд санаачлан хийсэн юм. Тэрбээр: “Би МАН-ын гишүүн бөгөөд 2016 оны сонгуулиар аймгийн намын хорооны бодлого шийдвэрийг батлалцаж, улмаар ялалт байгуулахад өөрийн хувь нэмрээ тодорхой хэмжээгээр намд оруулж байсан. Гэвч аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон түүний тойрон хүрээлэгчдийг шүүмжилж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө зогссоныхоо төлөөсөнд өнөөдөр ийнхүү “тойргийн гадна” үлдсэн. Өнөөдөр бензиний үнэ 2000 төгрөг даваад явчихлаа. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, харин албан тушаалтнуудын хөрөнгө хэд дахин өсч байна. Ирэх 2020 онд ард түмэн биднээс хариуцлага шаардах болно. Тэр үед манай намынхан юу гэж хэлэхийг мэдэхгүй байна” хэмээн ярьж байлаа.

Тэрбээр “Увсын хѳгжлийн тѳлѳѳ хамтдаа” цуглааныг өнгөрсөн жилийн өдийд мөн зохион байгуулж байсан бөгөөд энэ оны эхээр аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалдаа эргэн суусан ч хоёр сар орчим ажиллаад эргээд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан юм. Одоо тэрбээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.

Холбоотой мэдээ