БНХАУ-ын БОЯ-тай хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-11-13 19:01:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын Байгаль орчны яамдын төлөөлөл болох хоёр орны байгаль орчны шинжээч, мэргэжилтнүүд уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ хэлэлцлээ.

Хоёр тал ирэх 2019 онд тохиож буй Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан байгаль орчны салбарт 1-2 төслийг бодитоор эхлүүлэх, санаачилга гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтыг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа  нээж, “Манай улсын Засгийн газраас байгаль орчинд ээлтэй орчин бүрдүүлэхэд хоёр болоод олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталж байна. Энэ хүрээнд 

манай яам ОХУ болон Япон улстай байгаль орчны хамтын ажиллагааны механизмтай бөгөөд жил бүр хамтран  хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдээ бодлогын түвшинд шийдвэрлэж ирсэн уламжлалтай. Энэ жишгээр БНХАУ-ын Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны механизм бий болгохыг зорьж байна.

БНХАУ-тай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамгийн их гэрээ хэлэлцээр байгуулсан байдаг. Энэ удаагийн уулзалтаар хоёр талын мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны ойрын, ирээдүйн чиглэлүүдээ оновчтой тодорхойлно гэдэгт найдаж байна гэлээ.


Тодруулга: БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтарч ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 1990 онд байгуулсан. Харин 2012 оны 12 дугаар сард БНХАУ-ын Байгаль орчны дэд сайд Ли Ганже Монгол Улсад айлчилж яам хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын Байгаль орчны яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхжсэн. Үүнээс хойш 2014-2016 онуудад хоёр талын дээд түвшний удирдлагууд харилцан айлчилж, тодорхой асуудлаар тохироонд хүрсэн юм.

 

Холбоотой мэдээ