Бизнес эрхлэгчдэд зориулсан нүүдлийн номын сан ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-14 17:32:42

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос 25 жилийн ойгоо угтаж бизнес эрхлэгчдэд зориулан нүүдлийн номын сан өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Тус холбооны удирдах зөвлөлийн 30 гаруй эмэгтэй уран зохиолын болон бизнесийн амжилтын үүх түүх, түүхийн, шинжлэх ухааны, гоо сайхны холбогдолтой 150 гаруй ном цуглуулжээ.

Эдгээр номыг Улиастай сумын томоохон дөрвөн худалдааны төвд байрлуулан бизнес эрхлэгчиддээ номын сангийн үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Нүүдлийн номын сангаас худалдааны төвд бизнес эрхэлж буй худалдаачид өөрийн цахим иргэний үнэмлэхээрээ дамжуулан номыг хоногоор болон өдрөөр түрээслэн авч унших боломжтой юм байна. Мөн бизнес эрхлэгчид нүүдлийн номын сангаар дамжуулан өөрсдийн гэртээ байгаа номуудыг солилцон унших, судлах, орон нутгийн сонины шинэ дугааруудыг долоо хоног бүр хүлээн авч унших боломжтой юм байна. Мөн нүүдлийн номын сангаас дэлгүүр, бөөний төв гэхчлэн дангаараа худалдааны бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчид ч үйлчлүүлэх боломжтой ажээ. Нүүдлийн номын сан сарын турш бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлэх юм. Зарим худалдааны төвүүдийн худалдаачид хоорондоо хөзөр тоглох, үйлчлүүлэгчгүй үедээ цагаа үр бүтээлгүй өнгөрүүлдэг. Тэгвэл энэ нүүдлийн номын сангаар дамжуулан бид оюунаа тэжээхийн дээр аймгийнхаа мэдээ мэдээллийг унших боломжтой болж байгаа нь сайхан байна хэмээн бизнес эрхлэгчид ам сайтай байна.

Дашрамд Улиастай сумын дөрвөн худалдааны төвд давхардсан тоогоор 200 гаруй иргэн бизнес эрхэлдэг ажээ. 

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ