С.Батхүү:Уул уурхайн компани хүмүүнлэгийн байгууллагын гишүүн байна гэдэг маш том давуу тал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-17 21:03:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хамгийн том уул уурхайн компани болох Цайрт минераль ХХК аймгийн жилийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлээд зогсохгүй, нийгмийн бүхий л салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тогтмол хийж байна. Мөн хүмүүнлэгийн байгууллагыг байнга дэмжиж хамтран ажилладаг бөгөөд аймгийн Улаан загалмай хорооны шилдэг ивээн тэтгэгч байгууллага юм. Тиймээс хүмүүнлэгийн үйлсийнх нь талаар тус компанийн ерөнхий захирал С.Батхүүтэй хэдэн хором ярилцлаа.  

-Танай компани аймгийн Улаан загалмай хороотой хэдийнээс хамтын ажиллагаатай болж эхэллээ?

-Миний мэдэхээр 2007 оноос аймгийн УЗХороотой хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Тухайн үед тэргүүн дэд захирал байсан Цогтбаатар гэж хүн энэ ажлыг маш их дэмжиж анхны шанг татсан гэж хэлж болно. Үүнээс хойш тасралтгүй хамтран ажилласаар жилээс жилд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Миний хувьд энэ ажлаа 2008 онд авснаасаа хойш аймгийн УЗХ-ны тэргүүлэгчдийн нэгээр сонгогдон  10 дахь жилдээ эрхэм хариуцлагатай үүргийг хүлээгээд явж байна. Аймгийн УЗХ-ны удирдлага, бүрэлдэхүүн ажлыг маш сайн зохион байгуулдаг. Би өнгөрсөн 10 жилийн хугацаанд мундаг сайн ажиллаж чадаагүй ч, би болон манай компанийн зүгээс санхүүжилт болон олон нийтийг хамарсан арга хэмжээнд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хичээж ирсэн.

-УЗХ-той ингэж хамтын ажиллагаатай байснаар танай компанид гарч буй үр дүн, ач холбогдлыг дурдвал?

-Уул уурхайн ажил бол масс ихтэй, олныг хамарсан хүнд салбар. Тэр хирээрээ олны нүдэнд ил байдаг. Манай компани Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулахаас гадна энэ нутаг орныхоо иргэдийг ажлын байраар хангахыг зорьдог. Тиймээс ажилчдын өмнө тулгарч буй саад бэрхшээл бидний хувьд хамгийн том асуудал болж байдаг. Тэгэхээр энэ болгоныг шийдэхэд мэргэжил аргазүйн зүгээс зөвлөгөө өгөхөөс гадна гарч болох эрсдэл, цаг зуурын асуудалд УЗХ-ны үйл ажиллагаа бидэнд маш их дэм болдог. Мэргэжлийн байгууллага гэдэг утгаараа энэ байгууллагатай хамтарч ажилласанаар компаниа олон нийтэд зөвөөр ойлгуулах, нөгөө талаар компанийн зорилготой улаан загалмайн үйл ажиллагаа уялдаж байдаг зэрэг нь бидэнд олон давуу тал, боломж олгодог. Ер нь уул уурхайн компани хүмүүнлэгийн байгууллагын гишүүн байна гэдэг маш том давуу тал болдогийг цохон тэмдэглэмээр байна.

-Уул уурхайн салбар бол хамгийн эрсдэл өндөртэй, хүнд салбар. Үйлдвэрийн аюул ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшиг осол тохиолдлоо гэхэд хэрхэн анхан шатны тусламжийг зөв, хурдан шуурхай үзүүлэх вэ гээд наад захын мэдлэг ажилчдад чухал. Тэгэхээр энэ чиглэлийн сургалт сурталчилгааг мэдээж УЗХ-ноосоо авдаг уу?

-Тэгэлгүй яахав, тодорхой хэмжээний сургалт мэдээллийг тогтмол авдаг. Анхан шатны тусламж, яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх талаар сургалт авдаг байсан. Байсан гэж хэлдэгийн учир нь манайх саяхнаас үйлдвэрийнхээ дэргэд анхан шатны эмнэлэгтэй болсон. Тус эмнэлэг нь мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Гэхдээ цаашид ч дээрх сургалтуудаа авах төлөвлөгөөг бид үйл ажиллагаандаа тусгасан байгаа. Ямар нэгэн гамшгийн эрсдэлтэй нөхцөл тулгарахад яах вэ гэдэг тал дээр ажилчдаа сургах зайлшгүй шаардлагатай байгаа. 

-Цайрт минераль ХХК аймгийн УЗХ-тойгоо 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай, ерөнхий захирал нь мөн хорооныхоо удирдах зөвлөлийн гишүүнээр 10 жил ажиллажээ. Тэгэхээр энэ компанийн ажилчид УЗ-н үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл сайтай байдаг байх?

-Тэр мэдээж. Ер нь энэ УЗ гэдэг хүмүүнлэгийн байгууллага нь Монгол Улсын хэмжээнд олон жилийн түүхтэй учир үүнийг мэдэхгүй хүн ховор байх гэж би бодож байна. Бидний аав ээж, ах дүү хүүхэд байхаасаа л өсвөрийн улаанзагалмайч гээд явдаг байсан. Тэгэхээр хүн бүр л үүнийг мэднэ. Компани маань шилдэг ивээн тэтгэгч байгууллага, манай ажилчдаас ч гишүүнчлэлтэй хүн цөөнгүй. Гэхдээ компанийн зүгээс УЗХ-ндоо санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр голлон анхаарч, хамтран ажилладаг учир нэг ч ажилтандаа татвар ноогдуулдаггүй. Энэ бол манай компанийн бодлого юм л даа.

-2007 оноос хойш өнөөг хүртэл хамтран ажиллах хугацаандаа ихэвчлэн санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн гэлээ шүү дээ. Энэ хугацаанд зөвхөн танай компани аймгийн УЗХ-нд хэдий төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн байдаг юм бэ?

-Яг нарийн тооцоо гаргаж байгаагүй юм байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд ойн бэлтгэл ажилтай холбогдуулан 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ онд одоогийн байдлаар таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Ер нь аливаа тавьсан асуудлыг тухайн үед нь шийдээд, дэмжлэг үзүүлээд явахыг хүсдэг. Манай зүгээс ч жил бүр уламжлал болгон хийж хэвшээд ирсэн ажлууд ч байгаа.

-Танай компанийн хувьд хамгийн том уул уурхайн компани гэдэг утгаараа аймгийн хэмжээнд нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалтуудыг тогтмол хийдэг. Гэвч танайд хандах, хүсэлт тавих хүмүүсийн цуваа тасардаггүй байх. Энэ олон асуудал дундаас УЗХ-ны зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг нэн тэргүүнд хамт олноороо хэлэлцэн шийдвэрлэдэг байх гэж ойлгоод байна. Яагаад гэхээр тухайн хөрөнгө оруулалт, дэмжлэгийн үр дүн тодорхой байдаг учир?

-Ер нь бол тийм. Угаасаа л энэ маань өөрөө хүмүүнлэгийн байгууллага учир бидний үзүүлж буй хувь нэмэр, дэмжлэг туслалцааны үр дүн тодорхой байдаг. Хүний төлөө, бусдын сайн сайхны төлөө зориулагдах зүйлсийг бид аль болох дэмжихийг хичээдэг. Ер нь манайхаас олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүндээ шаардагдах хөрөнгө мөнгийг шийдвэрлээд явдаг. Онцгойлон хэлбэл манай хамт олон өнгөрсөн онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж материаллаг баазыг бэхжүүлэх, иргэдийн үйлчлүүлж, эмчлүүлэх орчин нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч 600 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гурван төрлийн том ажлыг хийсэн. 2018 онд гэхэд АНЭ-ийн бүх тасгийн орыг шинэчлэх, уламжлалтын эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажилд мөн 600 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Аймгийн төвийн өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж авахад 150 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон. Эрүүл мэндийн салбарт ингэж хөрөнгө оруулж байна гэдэг нь нөгөө талаараа улаанзагалмайн ажлыг давхар дэмжиж буй хэлбэр юм. Яагаад гэвэл бүгд л хүний төлөө, бусдын төлөө хийгдэж буй хүмүүнлэгийн ажил гэж би ойлгодог. 

-Аймгийн УЗХ-ны удирдах зөвлөлийн гишгүүнээр 10 жил ажиллахдаа мэдээж улаан загалмайн олон ажил арга хэмжээнд оролцсон байх. Та мэдээж хүрээлэл олонтой хүн. Гэхдээ улаан загалмай гэх энэ байгууллагаар дамжуулан танилцаж буй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад ялгаа байдаг болов уу гэж би ойлгоод байна? Зөв үү?

-Яг үнэн. Ялгаа байдаг шүү. Яагаад гэхээр улаан загалмай бол бусдаас дэмжлэг туслалцаа авдаг ч хэзээ ч буцааж ашиг хардаггүй, цэвэр нийгмийн сайн сайхны төлөө, хүний төлөө гэсэн хүсэл зорилготой хүмүүсийн бөөгнөрөл байдаг болохоор тэр юм болов уу. Ер нь бусдад өгнө гэдэг хамгийн сайхан ш дээ. Гэхдээ хүн болгон тийм байж чаддаггүй, харин улаанзагалмайчид тийм байж чаддаг хүмүүс. Хүн чанар гэдэг зүйл тэднээс л гардаг юм болов уу гэж би хардаг. Тиймээс энэ байгууллагад, энэ үйлсэд манлайлж буй хүмүүсээс үлгэр дууриал авч, тэднээс суралцахыг байнга бодож явдаг л даа. Тэр ч утгаараа улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг бол миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг байдаг. Улаанзагалмайн хамт олонтойгоо сэтгэл санаа нэгдээд, өмнөө байгаа асуудлыг хамтдаа шийдвэрлэхийн төлөө зүтгэж байгаадаа үнэхээр баярладаг.

-УЗХ-д харъяалагдана гэдэг таны хувьд нэр төрийн хэрэг байдаг гэлээ шүү дээ. Нөгөө талаар уул уурхайн компани өөрөө энэ хүмүүнлэгийн байгууллагын гишүүн нь тэр дундаа шилдэг ивээн тэтгэгч байгууллага байна гэдэг компанийн нэр хүндэд эерэгээр нөлөөлдөг байх?

-Тэгэлгүй яахав. Мэдээж маш эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ манай зүгээс энд, тэнд ингэж тусалсан гэж ярихыг хүсдэггүй. Хүнд үзүүлсэн буяны хариу хэзээд эргэн ирдэг шүү дээ. Тэр хэмжээгээрээ ч компанийн маань үйл ажиллагаа амжилттай сайн үргэлжилж яваа байх. Ер нь тэгээд биднээс тусламж дэмжлэг авсан хүн өөрөө ирээд баярласанаа илэрхийлэх шиг сайхан зүйл хаа ч байхгүй шүү дээ.

-Аймгийн УЗХ түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. 10 жил энэ байгууллагад харъяалагдсан хүний хувьд хорооныхоо ахиц, хөгжил дэвшлийг харж байгаа байх? Аймгийн УЗХороог авч яваа энэ цагийн баг хамт олон, удирдлага, тэдний хийж буй ажил үйлчилгээг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Мэдээж 2008 оноос хойш өнөөг хүртэлх нөхцөл байдал, үйл ажиллагааг мэднэ л дээ. Миний нэг баярладаг зүйл бол өнөөдөр Сүхбаатар аймгийн УЗХ-г тэргүүлж байгаа хамт олон үнэхээр ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хариуцлагатай, дайчин байж чаддагт баярлаж, бахархдаг. Тэр ч утгаараа хамтран ажиллахад таатай байдаг. 10 жилийн өмнөх нөхцөл байдлыг өнөөгийн үетэй харьцуулахад асар их ялгаатай. Тиймээс би энэ дашрамд УЗХ-ны дарга Т.Содномцэрэнд тусгайлан баяр хүргэмээр байна. Халамжийн шинэ өргөөтэй болж, хорооны байр ч засварт орж ажилчид ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж чадлаа шүү дээ. Ер нь бусдад тусалж л байвал болоо гээд өөрсдөө ноомой байж болохгүй л дээ. Хэн ч гаднаас нь харсан хүнд тодорхой итгэл үнэмшлийг төрүүлж чадахуйц орчин нөхцлөийг бүрдүүлэх ёстой. Үүнийг маш амжилттай хэрэгжүүлсэн гэж боддог. Нөгөө талаар УЗХ-ны баг хамт олон аймаг орон нутгийн удирдлагууд, ард иргэд, малчидтайгаа маш сайн хамтын ажиллагаатай байж, тэднийг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулж чаддаг. Одоо бол хэн ч хаанаас нь ч харсан УЗХ-г мэддэг болж, бусдыг араасаа байлдан дагуулж эхэлсэн гэж би дүгнэдэг. Өөрсдөө ингэж хөгжиж дэвшиж чадсанаар хамгийн гол нь бусдад итгэл үнэмшлийг төрүүлж чаддаг болсон байна. Энэ бол том ололт, бас амжилт. Хэдий 60 жилийн түүхтэй ч сүүлийн 10 жилд хийгдсэн өөрчлөлт, ахиц дэвшлийг би урьд жилүүдээс илүү байсан гэж хэлнэ. Тиймээс баг хамт олноо маш сайн бүрдүүлж чадсан хорооныхоо даргад болон ажилчиддаа дахин баяр хүргэмээр байна. Мэдээж энэ бүхэн олны хүч шүү дээ.

-Та УЗХ-той холбоотой аливаа ажил, арга хэмжээнд хэр оролцдог вэ?

-Мэдээж хэлсэн бүгдэд нь оролцохыг, хамрагдахыг хичээдэг. Яагаад гэвэл нэгэнт надад итгэл үзүүлээд, тэргүүлэгчдийн нэгээр сонгосон учир өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийхийг, дэмжихийг боддог. Яагаад ч юм улаанзагалмайн ямар нэгэн арга хэмжээнд оролцоход цаанаа л сэтгэлд дотно, тайван байдаг.

-Цаашид Цайрт минераль ХХК, УЗХ-той шинэ түвшинд гарч хамтран ажиллах ямар боломж нөхцөл байна вэ?

-Эхний ээлжинд мэдээж гол чиглэл болох сургалт сурталчилгааны тал дээр УЗХ-ноос дэмжлэг авъя гэж бодож байгаа. Улаан загалмай чинь өөрөө олон улсын системтэй, сургалтын стандарт, тусгай арга барилтай учир энэ тал дээр илүү гарах газар байхгүй байх. Дараагийн асуудал бол компанийн зүгээс нийгмийн салбаруудад хийж буй ажлуудаа улаан загалмайн ажилтай уялдуулах тал дээр анхаарч, санал солилцох зүйлүүд байгаа.

-Ярилцлагын төгсгөлд түүхт ойгоо тэмдэглэж буй хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

За баярлалаа. Улаанзагалмай гэдэг энэ байгууллагаар овоглож яваа хүмүүс бол цагаан сэтгэлтэй,  бусдад дүрэлзсэн гал шиг эрч хүч түгээж байдаг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн итгэл, зүтгэл улам өөдөө бадраасай, 70,80,90,100 жилийн ойдоо илүү их хийсэн бүтээсэн зүйлтэй, арван арвандаа өөрийгөө шинэчилж, дэвшиж байдаг байгууллага байгаасай гэж хүсэж байна. Ингээд Сүхбаатар аймгийнхаа УЗХ-ны хамт олон, нийт гишүүд дэмжигчид, сайн дурынхандаа түүхт ойн баяр хүргээд бүгдэд нь эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсье. Та нар бол хамгийн агуу чин сэтгэлтэй хүмүүс шүү гэдгийг онцолж хэлмээр байна.

-Арван аравны хөгжил дэвшил болгонд Цайрт минераль ХХК хамт байх болов уу?

-Мэдээж, бид аль болох энэ том байгууллагын хажууд нь байхыг хичээж, зүтгэх болно.

-Ярилцсанд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье?

-Баярлалаа. 

Холбоотой мэдээ