Бага насны хүүхдүүдийн дунд суулгалт өвчин их байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-11-15 17:12:32


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт цэцэрлэгийн насны хүүхдүүд суулгалт өвчнөөр хандах явдал сүүлийн үед эрс нэмэгдсэн байна. Суулгалт өвчнөөр бага насны хүүхэд их өвдсөнөөр гэдэсний халдварт өвчин тусах, хоол тэжээлийн дутагдалд орох, их хэмжээний шингэн алдсанаас үүдэн амь насаа алдах зэрэг эрсдэлтэй аж. Уг өвчний үед эцэг эхчүүд хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлэн гэрийн нөхцөлд буруу арга хэмжээ авалгүй эмчид яаралтай хандах ёстойг эмнэлгийн байгууллагаас анхаарууллаа.

“Тухайн хүүхэд ууж, идсэн зүйлээрээ бөөлжиж байгаа бол гэдэсний халдвараар суулгаж байна гэж үзнэ. Мөн хоолонд дургүй болж халуурах, ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ үед эмчид хандах, хросоллыг зөв уулгах зэргээр аль болох өвчлөлийг хүндрүүлэхгүйгээр оновчтой эмнэлзүйн арга хэмжээг авах хэрэгтэй. Суулгалтаас гадна сүүлийн үед амьсгалын замын гаралтай өвчлөл, нярай хүүхдүүдийн дунд шарлалт их байна.

Цаашид улирлын чанартай бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг тул эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг сайжруулах, амин дэмтэй хоол хүнс өгч эрүүл мэндийг нь дэмжих шаардлагатай  байна. Хамгийн гол нь нярай хүүхдийг хөхний сүүгээр зөв хооллох, хоёроос дээш насны хүүхдэд өгч буй хоол хүнсэндээ онцгой анхаарч халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгаа юм” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч З.Сүрэнхүү ярилаа.

Холбоотой мэдээ