Минскийн гэрээг биелүүлэх хүртэл АНУ Орост авсан хоригоо чангатгахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-17 13:35:59
ВАШИНГТОН. /TASS/. Минскийн гэрээнд хүлсээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл АНУ-ын засаг захиргаа ОХУ-д авсан хориг арга хэмжээгээ чангатгахаар төлөвлөж байна. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео баасан гарагт Украины Гадаад хэргийн сайд Павел Климкинтэй хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгджээ. Тэд хоёр орны Стратегийн түншлэлийн хорооны хурлын хүрээнд хэлэлцээ хийсэн байна.

“Минскийн гэрээнд хүлээсэн үүргээ Москва бүрэн биелүүлээгүй цагт, мөн Крымыг Украины хяналтад эргүүлэн өгөөгүй цагт бид Орост үзүүлэх дарамт шахалтаа үргэлжлүүлнэ” гэж тэрбээр мэдэгджээ.

Минскийн гэрээнд үндсэндээ Донбассын мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах тухай тусгасан байна. Уг гэрээнд зөвхөн гал зогсоох, зэвсгүүдийг эргүүлэн татах, өршөөл үзүүлэх, эдийн засгийн холбоо харилцааг сэргээх талаар заагаад зогсохгүй Украины Үндсэн хуулийг шинэчлэх тухай тусгажээ. Энэ нь тусгаар бүс нутгууд болох Донецк, Луганск мужийн онцгой статусыг харгалзан эрх мэдлийн төлөвлөрлийг багасгах ёстой. Гэвч Украины тал аюулгүй байдлын асуудлуудыг зохицуулаагүй хэмээн улс төрийн заалтуудыг биелүүлэхээс эрс татгалзсан учир энэ төлөвлөгөө одоог хүртэл хэрэгжээгүй байна.

ОХУ Украинд болж буй мөргөлдөөнд оролцогч тал биш бөгөөд хямралыг зохицуулахад зуучлагчийн хувиар оролцож байгаа гэдгийг Москва нэг бус удаа мэдэгджээ. Тийм учраас Москва Минскийн гэрээг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд үүнийг хориг арга хэмжээтэй холбох оролдлого нь “зүй зохисгүй, утгагүй” юм гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдэгджээ.
Холбоотой мэдээ