Б.Батдэлгэр: УИХ, Засгийн газрын гишүүдээс хариуцлага нэхэн жагсана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-23 16:25:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас энэ сарын 25-ны өдөр 12.00-16.00 цаг хүртэл “Хариуцлага нэхэх бүх ард түмний цуглаан”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаа мэдэгдэв.  

Цуглаанд Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөн, Аж үйлдвэрийн зөвлөл зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж буйг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэллээ.

Тэрбээр,“УИХ-ын гишүүн бодлого хэрэгжүүлж, хууль батлах ажилтай. Гэтэл хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй сандал суудлын хэрүүл хийж үндсэн үүргээ хүлээхгүй байгаа тул хариуцлага шаардаж жагсана. Засгийн газар нь сайдтайгаа, УИХ нь гишүүнтэйгээ хариуцлага тооцдоггүй. Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас тэд ажлаа хийхгүй байна. Төр, засгийн тэмцлээс болж ард иргэд хохирч байна. Өнөөдөр ам.долларын ханш 2600 төгрөгөөс давлаа. Дагаад шатахууны үнэ нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн өргөн хэрэглээний үнэ өсдөг. Энэ нь ард түмний амьдралыг доройтуулж байна. Сонгуулийн үеэр Баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгчдээ дэмжинэ гэдэг боловч үнэн хэрэгтээ тэд хэзээ ч амлалтаа биелүүлдэггүй. Тухайлбал, УИХ ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн хэлэлцүүлгийг анх удаа өнгөрөгч сарын 26-нд өрнүүлсэн. Гэвч АН 5 хоногийн завсарлага авснаас хойш энэ хуулийг хэлэлцээгүй. Харин тусгай сангийн хуулинд 2012 оноос хойш 240 удаа өөрчлөлт оруулсан нь ашиг сонирхлын үүднээс хандаж, УИХ-ын үндсэн үүргээ ухамсарлахгүй байгаагийн тод жишээ. УИХ, Засгийн газрын гишүүдийг ажлаа хийхийг шаардан, тэднээс хариуцлага нэхэн жагсана" гэлээ.

Холбоотой мэдээ