Иранд газар хөдлөлт болсны улмаас олон зуун хүн бэртэж гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-27 11:08:57

ТЕГЕРАН. /Xinhua/. Өнгөрсөн ням гарагт Ираны баруун нутгийн Керманшах мужийн Сарпол-е Захаб хотод 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 729 хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлэв.


Ираны онцгой байдлын эрүүл мэндийн тусламж үзүүлэх газраас мэдээлснээр, хүчтэй газар хөдлөлт болсны дараа олон хүн гадагш гарахыг оролдох үеэрээ гэмтэж бэртсэн аж.


“Одоогийн байдлаар хэн нэгэн амиа алдсан тухай мэдээлэл байхгүй байна” гэж Керманшах мужийн Анагаах ухааны их сургуулийн захирал “Тасним” агентлагийн мэдээллийг иш татан даваа гарагт мэдэгджээ.


Газар хөдлөлтийн улмаас мужийн олон сууринд байгалийн хий, цахилгаан болон усны шугам сүлжээ сүйдсэн байна. Өнөөдөр мужийн бүх бага, дунд, ахлах болон их сургуулиуд хичээллээгүй байна.


Түүнчлэн Керманшах мужтай залгаа оршдог Лорестан, Илам болон Кордестан мужид чичирхийлэл мэдрэгджээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Сарпол-е Захаб хотод 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 211 хүн амиа алдаж, 7100 хүн гэмтэж бэртэж байжээ. 

Холбоотой мэдээ