Нүүрс тээвэрлэгчид Засгийн газарт шаардлага хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-27 15:37:45
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, нүүрс тээврийн жолооч нарын ар гэрийнхэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд зогссон нүүрс тээврийн жолооч нарт нийгмийн хамгаалал үзүүлэхийг  Засгийн газраас хүсэв.

Тус чиглэлд өнөөдрийн байдлаар 13 мянган жолооч 166 компанийн нэр дээр 40 сая тонн нүүрс гаргахаар 100 гаруй км үргэлжилсэн цуваанд түгжирч буйг "Монгол Ньюс" мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлаар Монголын Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Цогтсугар мэдээлэв.

Тэрбээр “Бид 100 гаруй км-ийн цувааг даган алхаж, нүүрс тээврийн жолооч нар маш аюултай нөхцөлд хөдөлмөрлөж байгааг үзлээ. Зуд болохоор хөдөө, хотгүй, дарга, цэрэггүй нийлж малаа хамгаалдаг. Гэтэл өвлийн хүйтэнд урт цуваанд сул зогсож буй Монгол эрчүүд маань хүйтэн кабинд хонож, өвчинд нэрвэгдэж, улмаар архины хамааралд автан, зарим нь амь насаа алдах ч асуудал гарч буйг төдийлэн анхаарч үзэхгүй байна. Ар гэрийнхэнд нь дарамт учруулаад байгаа эдгээр асуудалд анхаарал хандуулж, тэдэнд нийгмийн хамгаалал үзүүлэх шаардлагатай” гэв.



Тээвэрчдийн холбооны тэргүүн З.Түвшинзаяа, “Яам газруудын оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ч байдал өөрчлөгдөөгүй. Дараалалд зогссон жолооч нар хүйтэн кабиндаа 14-30 хонож байна. Удаан хугацаанд зам дээр зогсохдоо машинаа байнга халааж байгаагаас түлш, шатахууны өрөнд орж, сүүлийн ачилтын цалингаа авч чадахгүйд хүрлээ. Тэдгээр жолооч нарын нуруун дээр ар гэрийн амжиргаа, банкны өр зээлийн дарамт ирээд байна” гэлээ. Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж, шаардлагыг эс биелүүлбэл 13 мянган жолооч нарын эрх ашгийг хамгаалан тэдний гэр бүлийн төлөөлөл суулт хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

  • Дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компаниуд жолооч нарыг дулаан байр, халуун хоол хүнсээр хангах
  • Зам дээр сул зогссон нэг явалт, эргэлтийн зардлыг нөхөн олгох
  • Цагаан хад хил орчим үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх Түр зөвлөл байгуулж, энэ сарын 30-нд багтаан өргөтгөсөн уулзалт зохион байгуулах
  • Жолооч нарын асуудлыг анхааралдаа авч, ГХЯ-нд үүрэг өгч, иргэдийн эрхийг хамгаалах Консулын газрыг хилийн цаана нээх зэрэг шаардлага хүргүүлж байгаа аж. 
Холбоотой мэдээ