Сирийн асуудлаарх уулзалт Астанад болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАСТАНА. /TASS/. Энэ сарын 28-29-нд Казахстаны нийслэл Астана хотод болох Сирийн асуудлаарх олон улсын 11 дэх удаагийн уулзалтын гол сэдэв нь Сирийн Идлиб мужийн байдал болон Үндсэн хуулийн комисс байгуулах асуудал байх болно. Үүнээс гадна, Сирийн Засгийн газар болон зэвсэгт сөрөг хүчин хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, терроризмтой тэр дундаа “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх болон Сирийн дүрвэгсдийг нутаг буцаах асуудлыг хэлэлцэнэ.
Уулзалтад Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид, Астанагийн үйл явцад баталгаа олгогч орнууд болох ОХУ, Иран, Туркийн төлөөлөгчид, мөн НҮБ болон Иордан улсын ажиглагчид оролцоно. Сирийн Засгийн газрын төлөөлөгчдийг НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч Башар Жаафри тэргүүлэх бол сөрөг хүчнээс Ахмад Тома тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Сирийн асуудлыг зохицуулах ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев улсынхаа төлөөлөгчдийг тэргүүлнэ. Иран болон Турк улсаас тус хоёр улсын Гадаад хэргийн дэд сайд нар болох Хосейн Жабери, Седат Онал нар оролцох бөгөөд Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура хэлэлцээнд оролцоно гэдгээ мөн мэдэгджээ.
Хэлэлцээний эхний өдөр хоёр талын болон олон талт зөвлөлдөх уулзалт болно. Тухайлбал, хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээлснээр, Оросын төлөөлөгчид Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний мөн Турк, Ираны төлөөлөгчидтэй уулзахаас гадна, де Мистуратай хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн ОХУ-Турк-Ираны төлөөлөгчдийн гурван талт уулзалт болох төлөвтэй байна. Эдгээр уулзалт төлөөлөгчдийн байрлаж буй зочид буудалд болох аж.
Уулзалтын хоёр дахь өдөр Астана хотын төвд оршдог “Риксос” зочид буудалд өргөтгөсөн хуралдаан болно. Талууд бүгд оролцох энэ уулзалтын дараа хэлэлцээний үр дүнгийн талаар Орос, Иран болон Турк хамтарсан мэдэгдэл гаргаж магадгүй.
Орос, Иран болон Сирийн төлөөлөгчид Казахстаны нийслэл хотод хэдийнэ хүрэлцэн очжээ. НҮБ-ын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура лхагва гарагт хүрэлцэн очих төлөвтэй байна.
Сирийн асуудлаарх өмнөх уулзалт Астана хотод бус харин Оросын Сочи хотод долдугаар сарын 30-31-нд болсон билээ. Тухайн үед мөн л Идлибийн байдал, дүрвэгсдийг нутаг буцаах, Засгийн газар болон сөрөг хүчний хооронд яриа хэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байв.