Ирэх сарын эхээр цасан болон шороон шуургатай гэж анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-29 21:48:22


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх 12 дугаар 1-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 2-ны өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурах юм байна. Энэ үеэр хүйтний эрч чангаран үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам даваа цасанд хаагдах зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй аж.


Өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн байгалийн гамшигт үзэгдэл дахин давтагдахыг үгүйсгэхгүй байна. Иймд байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг аймгийн ОБГ-аас ард иргэдэд хандан хүргүүлж байна. Тухайлбал, хот, аймаг, сум, баг хооронд тээврийн хэрэгслээр зорчихдоо цаг агаарын нөхцөл байдлыг үнэлж батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, бензин шатахууны нөөцтэй явах, хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх хэрэгтэй байна. Мөн хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас тог цахилгааны саатал болон дулаан халаалт зогсох зэрэг эрсдэл гардаг тул иргэн бүр зохих нөөцийг бүрдүүлж бэлэн байдлаа хангахыг анхааруулж байна. Цаашид аливаа гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар иргэн бүр анхаарал болгоомжтой байхыг мөн анхааруулсан юм.

Холбоотой мэдээ