Худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудлыг хөндөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-06 01:36:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан энэ сарын 6-7-нд үндэсний худалдаа эрхлэгчдийн "Их хүрээ-2018" чуулганыг зохион байгуулна.

Монгол ньюс мэдээллийн төвд өнөөдөр тус холбооноос Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан дээрх чуулганыг МҮХАҮТ, ГХЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо,  ХУИС-тай хамтран зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэв.



Чуулганд 21 аймгийн худалдааны салбарын төлөөлөгчид болон эрх бүхий байгууллагын төлөөлөл оролцож, дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийг хэлэлцэн шийдвэрлэх юм. Түүнчлэн инноваци, технологийн орчин үеийн шийдлийг үндэсний сүлжээ дэлгүүрт хэрхэн нутагшуулах талаар Япон Улсаас худалдааны чиглэлийн нэр бүхий экспертүүд ирж мэдлэг олгох гэж байгаа талаар МЖХЭХ-ны зөвлөх Д.Нарантуяа онцлов.

Тус чуулган хоёр өдрийн турш “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд үргэлжлэх юм.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ” чуулганы хүрээнд маргааш 14.00 цагт Сүхбаатарын талбайд жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл оролцсон баярын цуглаан зохион байгуулах гэж байгаа аж. Харин энэ сарын 7-ны баасан гарагт үндэсний худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ-2018” чуулганыг албан ёсоор зохион байгуулах юм.

Хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээний төгсгөлд худалдааны салбарын шилдгүүдээ тодруулах “Хүрээ авардс-2018” хүндэтгэлийн арга хэмжээ болох юм.

Холбоотой мэдээ