Нэмүү өртөг бий болгосноор ажлын байр нэмэгдэнэ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-12-10 16:57:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Мах, сүү, хүнсний ногоонд нэмүү өртөг бий болгосноор ажлын байр нэмэгдэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж зах зээлийг өргөтгөх зорилгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ бий болгох төсөл Сэлэнгэ аймгийн найман суманд амжилттай хэрэгжиж байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХАА-н байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь” төсөл Сэлэнгэ аймгийн найман суманд сүү, мах, хүнсний ногооны нэмүү өртөгийн сүлжээ бий болгох зорилготой хэрэгжих аж. Тодруулбал энэхүү махны нэмүү өртөгийн сүлжээ төсөл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ерөө суманд, Хүнсний ногооны нэмүү өртөгийн сүлжээ төсөл Баянгол, Жавхлант, Сайхан сумдад. Харин сүүний нэмүү өртөгийн сүлжээ төсөл Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумдад тус тус хэрэгжиж эхэлжээ.

Тухайлбал сүүний нэмүү өртгийн сүлжээ төсөл Алтанбулаг суманд хэрэгжиж байна. Алтанбулаг сумын мал бүхий хэсэг иргэд анх 2017 онд “Баяжих холбоо”-г санаачлан байгуулсан байна. Тус холбооныхон үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд энэ оны 5-р сард “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь” төсөлд төсөл боловсруулж хүргүүлснээр 20 орчим сая төгрөгийн дэмжлэг авч сүүний нэмүү өртөгийн сүлжээ төслийг 7-р сараас хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл хэрэгжсэнээс хойшхи дөрвөн сар гаруйн хугацаанд тус хамт олны бүтээгдэхүүний борлуулалт сайжирч ойролцоогоор есөн сая орчим төгрөгийн ашигтай ажилласан байна. Тус сүү боловсруулах цехийн эрхлэгч О.Гантулга цех бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал өдөртөө 500 л сүү хүлээн авч боловсруулах ёстой. Өнөөдөр 300 л сүү хүлээн авч цөцгий, масло, сүүн хүчлийн ааруул, аарц тараг гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сум орон нутгийнхаа хэрэгцээг хангахаас гадна аймгийн төв, нийслэл хот, Дархан-Уул зэрэг төв суурин газруудад бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж байна” гэлээ. Алтанбулаг сум нь  2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 52.0 мянган толгой мал тоологдсон байна. Үүний долоон мянга орчим нь үхэр сүрэг байгаа бөгөөд үхрийн дөрвөн фермерийн аж ахуй энд үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Харин цөөхөн малтай, мал бүхий иргэдийн хувьд уламжлалт аж ахуйгаа хадгалж үлдэхийн тулд өнгөрсөн жилээс нэгдэж, хоршооны зохион байгуулалтанд орсон байна. Сум орон нутгийн зүгээс ч гэсэн иргэдийн хүсэлтийг дэмжиж төрөл бүрийн сургалтанд хамруулах, бүлэг хоршооны зохион байгуулалтанд оруулах улмаар ажлын байраар хангах гээд зохион байгуулалтын асуудлуудыг шийдвэрлэжээ.  

Сэлэнгэ аймагт гурван чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл түрүүчээсээ ийнхүү үр дүнгээ өгч орлогийн эх үүсвэр нэмэгдэх таатай боломж бүрджээ. Уг төсөл нь Дархан-Уул, Дорнод, Ховд , Хөвсгөл, Төв, Сэлэнгэ зэрэг зургаан аймагт  хэрэгжиж байгаа бөгөөд 2020 оны 2-р сар хүртэл үргэлжлэх аж. 

Холбоотой мэдээ