Баруун бүсийн ерөнхий боловсролын сургуулийн тогооч нар туршлага солилцов

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-12-10 14:55:39

Завхан/МОНЦАМЭ/.Завханд Японы ядуурлыг бууруулах сангийн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслөөс ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогооч нарын мэргэжлийг дээшлүүлэх зохистой хооллолт ба хүүхдийн эрүүл мэнд, чадамжид суурилсан тогоочийн мэргэжил дээшлүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулжээ.

Эдгээр сургалтуудад Завхан, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрын тогооч нар хамрагдаж онолын мэдлэгээ дээшлүүлснээс гадна практикт суурилсан дадлагын ажлыг хийжээ. Харин зохистой хооллолт ба хүүхдийн эрүүл мэнд сэдэвтэй сургалтад дотуур байр бүхий сургуулийн захирал, сургалтын менежер, нягтлан бодогч, нярав, эмч нар оролцож сургалтуудад нийт 225 ажилтан хамрагдсан байна. Сургалтын үр дүнд тогооч нар хүүхдийн хоол тэжээлийг бэлтгэхэд эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах арга зүйг эзэмшиж, хүүхдийн хоол тэжээлийн илчлэг тооцох аргачлал, гарын доорх материалаар шим тэжээлтэй хоол бэлтгэх арга, гал тогооны тоног төхөөрөмжтэй ажиллах арга зүйг дадлагаар ажиллаж сурчээ. Мөн хоёр аймгийн тогооч, багш нар харилцан туршлага солилцон дадлага ажлын үеэр өөрсдийн сургуулийн нэрийн хоолыг хийж сурталчилсан байна.

Дашрамд дуулгахад Завхан аймаг “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд “Багшийн сэтгэл-хүүхдэд” сэдэвт дөрвөн удаагийн сургалтын цогц үйл ажиллагааг зохион байгуулсан билээ. Энэ үеэрээ сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдаа чадавхжуулах сургалтыг хийж цэцэрлэгийн тогооч нарт зориулсан сургалт зохион байгуулж, ур чадварын уралдааныг зохион байгуулсан аж. Энэ арга хэмжээнд 300 гаруй багш нар оролцсон байна.

Холбоотой мэдээ