ХАА-н салбарын төлөөлөгчид Австрали Улсад танилцах айлчлал хийв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2018-12-13 17:51:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, брокерын төлөөлөл болох 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2018 оны 12 дугаар сарын 6-12-нд Австрали Улсад танилцах айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Австралийн ноосны биржийн /AWEX/ удирдлагатай уулзаж, тус биржийн үйл ажиллагаатай танилцахын сацуу хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Австралийн ноосны биржийн менежер Дэвид Котер байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсны дараа бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөн харилцан ярилцав.

Австралийн ноосны бирж нь 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 180 гаруй гишүүнтэй, 30,000 орчим фермерийг төлөөлсөн брокерын компани болон ноос экспортлогч, фермерүүдийн холбооноос бүрддэг. Австралийн нийт ноосны арилжааны 95% нь тус биржийн гишүүнчлэлтэй  брокер, экспортлогч, гэрээт худалдан авагч, боловсруулах үйлдвэрүүд болон бусад холбоо, аж ахуй нэгжээр дамжин арилжигддаг байна. Тус бирж нь Засгийн газраас ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авдаггүй бөгөөд гишүүнчлэлийн татвараар санхүүждэг гишүүддээ үйлчилдэг ашгийн бус байгууллага юм.

Холбоотой мэдээ