Нярайн эмч дутагдалтай байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-12-14 10:38:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Бид Сэлэнгийн ирээдүй” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагч нарын оролцоо, хамтын ажиллагаа сэдэвт нөлөөллийн уулзалт Сэлэнгэ аймагт боллоо.

Нөлөөллийн уулзалтын үеэр эмч мэргэжилтнүүд багаар ажиллах хандлагыг бий болгох, нярайн эмч бэлтгэх ажлыг анхаарч хүүхдийн мэргэжлээр сурч байгаа хүмүүст тэтгэлэг олгох, амьсгалын замын эмгэг болон, осол гэмтлийн улмаас эндэх нь сэргийлж болох асуудал тул бууруулах асуудлыг анхаарах зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилаа. Ер нь улсын хэмжээнд нярай хүүхдийн эмч нар дутагдалтай байгаа гэнэ. Цаашид хүүхдийн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжөөр хангах, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг хүүхдийн чиглэлээр мэргэшүүлэх, давтан сургах асуудал нэн түрүүнд тавигдах асуудал гэдгийг ярьж байв. Зөвлөлдөх уулзалтын нөлөөгөөр эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, гаргах. Энэ ажилд шийдвэр гаргагчид салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал, зөвлөмжийг нэгтгэн тусгасан байх зэрэг үр дүн гарах ажээ.   

Аймгийн хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан дэмжихэд салбар дундын үүрэг оролцоо, тэр дундаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, сумын удирдлагын багийг өргөн бүрэлдэхүүнтэй оруулсанаараа энэ удаагийн зөвлөлгөөн үр дүнтэй болжээ. Сэлэнгэ аймгийн удирдлагын баг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллахын тулд бодлогын тодорхой зорилтуудыг дэвшүүлж, үе шаттайгаар ажил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Нөлөөлөх уулзалтын үеэр ЭХЭМҮТ-н нярайн зөвлөх эмч, АУ-ны магистр, кл.проф, тэргүүлэх зэргийн эмч С.Энхтуяагаас ямар өвчлөл хүүхдүүдэд зонхилж байгаа хийгээд анхаарах асуудал юу байгаа талаар тодрууллаа.

Тэрээр-:”Сэлэнгэ аймагт хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад шийдвэр гаргагчдын түвшний оролцоог сайжруулах хамтарсан уулзалт хийж байгаад Сэлэнгэ аймгийн Засаг даргын баг, аймгийн ЭМГ-ын хамт олондоо талархаж байна. Монгол Улсад 0-5 хүртэлх хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад салбар дундын оролцоо маш чухал байгаа. Энэ зөвлөлдөх уулзалтын гол санаа үүн лүү чиглэсэн. Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад нярай тэр дундаа долоо хоног доторх хүүхдийн эндэгдлийг бууруулах нь нэн чухал юм. Энд мэдээж ээжийн эрүүл мэндийн байдал, ээжийг эрт хяналтанд оруулах, төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх гээд олон чухал асуудал яригдах ёстой. Энд зөвхөн эмч, эмнэлгийн ажилчдаас шалтгаалах зүйл биш. Олон талын хамтын ажиллагаа байж гэмээнэ энэ асуудал шийдэгдэнэ. Нөгөө асуудал нь тухайн орон нутагт хүүхдийн ямар өвчлөл илүү байгаад байгаа юм гэдгийг, үүн дээр бэлтгэгдсэн хүний нөөц ямар байгаа, тоног төхөөрөмжүүд хүрэлцээтэй юу, үүн дээр хэн ямар үүрэг хүлээх ёстой вэ гэсэн зүйлүүд дээр тогтож ярилаа. Сэлэнгэ аймагт тав хүртэлх хүүхдийн өвчлөл, эндэгдэл улсын дунджаас доогуур байгаа сайн үзүүлэлттэй байна. Гэвч тайвширч болохгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд амьсгалын тогтолцооны өвчнөөр өвчлөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг Сэлэнгэ аймгийн хувьд Улаанбаатар хотын утаатай адилтгаж яримааргүй байгаа юм. Шалтгаан нь өөр байж таарах гээд байна. Иймээс яагаад бага насны хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр илүү өвдөх гээд байна. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах, эцэг эхчүүдэд ойлгуулах, хүүхдээ өвчин тусгахгүй, цэцэрлэг, сургуулиуд урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх гээд олон асуудал яригдаж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж эмчлүүлж байгаа хүмүүсийн байдлыг харж байхад өөрсдөө хүсэж очиж байгаа нь илүү байдаг. Яг шатлалынхаа дагуу дараагийн шатлалд шилжих шаардлагатай байна гэсэн хүүхэд бол нийт эмчлүүлж буй хүүхдийн 10 орчим хувь л байдаг. Үлдсэн нь сайн дураараа зорьж очсон байгаа. Ийм учраас эмчлүүлэх шилжилт хөдөлгөөний асуудал бол орон нутгийн эмч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаатай төдийлөн холбогдолтой бус байна” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймагт өнөөдөр 110696 мянга гаруй хүн ам оршин сууж байна. Эдгээрийн 26.2 хувь нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, 30.7 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа бөгөөд үүнээс 43.8 хувь нь 0-5 насны хүүхдүүд байгаа юм.  

Холбоотой мэдээ