Атрын анхдугаар аяны илгээлтийн эзэн, анхны эмэгтэй комбайнч Маруся

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-12-16 10:16:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Цэл залуу, гэнэн хонгорхон 17 настай Маруся, газар нутаг үзэх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, найзынхаа хамтаар хөдөө нутгийг зорьсоноор атрын анхны шанг татсан тариаланч бүсгүй болсон түүх эхэлжээ.

Маруся атрын анхдугаар аяны илгээлтийн эзэн төдийгүй анхны эмэгтэй комбайнч.  

Тэр үед трактор барьдаг охидууд олон байсан ч комбайн барьдаг нь ганцхан Маруся байв. Тэрээр олон эрчүүдтэй мөр зэрэгцэн тэднээс дутахааргүй ажиллаж, ганц дайчин ганцаардахгүйн бахархлыг төрүүлэн явж байснаа дурссан юм.    

Тэрээр:”За тэгээд комбайнаа бариад газар хагалахад их сайхан. Тэр үед чиргүүлтэй 54 трактороор л газраа хагалж, бас трактортаа жаатаг чирж будаагаа ангилан хураадаг байлаа. Бидний анхны тарьсан тариа маш сайхан ургачихсан, дунд нь хүн явахад харагддаггүй,  тийм л сайхан ургац авдаг байсан. Бид ч ийм л будаа ургуулахын төлөө ажилладаг байлаа. Хавар нь тариагаа тариад, намар нь будаагаа ургахыг нь догдлон хүлээж,  урьд жилийнх шигээ сайхан ургах болов уу гээд тэсэн ядан суух сайхан шүү. Тэгээд үр дүн нь яг л урд жилийнх шигээ л ургадаг байсан. Би анх комбайны жолоон дээр суугаад, комбайнаа хахуулаад, \хахах-маш их хэмжээний будаа ороод эргэхгүй болох\ тэгээд тэр хахааг нь гаргаж сурсан маань хамгийн сэтгэлд дотно мартагдашгүй дурсамж болон үлджээ. Одоо ч санаанаас гардаггүй юм. Мөн будаагаа хураагаад бүнкерээ дүүргээд машинд хийж байх шиг сайхан үе байхгүй шүү.  Трактор-комбайнч хүний хамгийн сайхан мөч тэр л юм даа. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мөч шүү” хэмээсэн юм.  

Маруся гуай Завхан аймгийн Завхан мандал сумын харьяат бөгөөд 1957 онд нийслэл хүрээнд ирж, эгчийндээ амьдарч, ажиллаж байжээ. 1959 оны хавар Дарханд “Дархан”, Сэлэнгэ аймагт “Зэлтэр”, Дорнод аймагт “Хэрлэн”, Хөвсгөл аймагт “Эгүр”-ийн хэмээх дөрвөн САА улсын хэмжээнд цоо шинээр байгуулагдаж эхэлсэн үе байж. Эдгээр САА-нуудад МХЗЭ-ийн илгээлтээр очиж, сайн дураар ажиллах залуусыг бүртгэж авах тухай радиогоор зарлаж байхыг сонссон Маруся найзынхаа хамт очиж бүртгүүлсэнээр ийн Зэлтэр нутагтай амь, амьдралаа холбож, газар тариалангийн түүхийг бүтээлцэх хувь заяанд холбогджээ.  

Тухайн үед шинэ газар үзэхээр ирсэн охидын анхны харцанд цэлийсэн талд ганц нэг трактор, дэлгүүр, талхны газар зэрэг ганц хоёрхон жижиг байшин нүдэнд нь  тордог байж. Харин Зэлтэрийн тэр цэлийсэн талд платгийг ч ёстой хэдэн арваар нь барьсан байсан хэмээн Маруся гуай дурссан юм.  

Атрын анхны шанг татсан 1959 оны хавар 20 гаруй залуусын хамт Зэлтэрт ирж, тэд тэр хавраа 1000 га газар хагалж,  анхны тариагаа тарьжээ. Илгээлтийн эзэд тарьсан будаагаа хураахын өмнөхөн зарим нь Сэлэнгэ аймгийн Шаамар, зарим нь Төв аймгийн Архустайн  сургууль комбинатад  \одоогийн МСҮТ\  суралцахаар хуваагдан очсон тул тэр намартаа тэд тарьсан тариагаа хураалцаагүй гэнэ. Маруся ч сургалтанд хамрагдан, Архустайд хуваарилагджээ. Илгээлтийн эздийг сурч байх тэр үед САА-н бригадын дарга нар мөн зургаан сарын курст сууж байсан байна. Тэдний дунд ганцхан Заяат гэдэг эмэгтэй бригадын дарга байжээ. Тэр эмэгтэйчүүдийн бригадыг ахалдаг байсан аж. Тийм дээ ч суралцаж байсан хоёрхон эмэгтэй сурагчийг бригаддаа авна гээд тэдэнтэй танилцсан аж.  Ингээд 1960 оны хавар сургуулиа дүүргээд Зэлтэрт дахин ирсэн тэр даруйдаа эхний хоёр өдөр төмсний зоорь ухжээ. Тухайн үед, тэнд хадлан хадаж байсан хэдэн трактор л харагдсан болохоор тариагаа хураан авах техник нь хаана байгаа юм бол хэмээн дотроо бодож, мэл гайхсан гэдэг. Гэхдээ  будаа хураах цаг хугацаа болоогүй байсан учраас хадланд гарч хэсэг ажилласан нь энэ байжээ. Тэгж байтал Заяат дарга ирж, хэлсэнээрээ тэднийг бригаддаа авсан байна. Дараахан нь Оросын шинэ комбайн Наушкаар дамжин ирж, түүнийгээ оросын мэргэжилтнүүд, инженерүүд бүгд хамтдаа бригад дээрээ угсарч эхэлжээ. Угсрах гэж заримыг нь мэдэхгүй нилээн юм болдог байж. Тэр үед орос мэргэжилтнүүд олон байсан бөгөөд комбайн бүр дээр хоёроос гурван хүн, нэг нь ерөнхийд нь  удирддаг, нөгөө нь инженер нь гээд...Трактор дээр ч ялгаагүй адил. Тэднийх эмэгтэйчүүдийн бригад байсан байна. Тэр үед улсын аварга шалгаруулах гэж байгаагүй. Харин  “Таван жилийн гавшгайч”  гэж байжээ. Тус эмэгтэйчүүдийн бригад II таван жилийн гавшгайч бригад болж амжилттай ажиллажээ.

Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой ирэх онд тохионо. Сэлэнгэ нутагт минь атрын анхны шанг татсан цөөхөн бүсгүйчүүлийн нэгэн төлөөлөл Маруся гуай дурсан өгүүлэх түүх арвинтай сууна. Тэрээр мартагдашгүй хөгжилтэй үе олон тохиолддог байлаа. Комбайнаа хахаачихаад уйлаад сууж байхад залуучууд хажуугаар сигналдаад гараад явахаар хор шар их хөдлөнө.  Сүүлд нь “Та нар яагаад намайг тэгээд сигналдаад явдаг байсан юм. Зүгээр л явна биз” гэхээр “Чи их сонин болдог болохоор чинь тэгдэг байсан юм” гэдэгсэн. Аргагүй шүү дээ нэгэн үеийн залуучууд байсан учраас хөгжилтэй л байсан байх. Бид ургац алдаж байгаагүй ээ. Төлөвлөгөө норм дандаа биелж байлаа. Миний хамгийн анхны жил буюу 1960 онд га-гаас 20 гаруй цн буюу маш өндөр ургац авч байлаа. Би газар тариалан, тариа будаатай амьдралаа холбож, насаараа энэ салбарт ажилласан хүн. Хожим үтрэмд ажиллаж байгаад олон хүүхэдтэй эх хүнийг тэтгэвэрт гаргасан алдарт 20 дугаар тогтоолын дагуу 1991 онд тэтгэвэрт суусан. Манайх хоёр хүү, таван охинтой.  Би атрын гурван аянг үзсэн буурай.  Надад төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Их монгол улс байгуулагдсаны  800 жил, Атар газар эзэмшсэний 50 жилийн ойн медаль гээд гавьяа шагналууд бий бий.  Миний хань Цэрэнбалжир атрын 20 жилийн ойгоор Москва явж байлаа. Би ханьтайгаа хамт ажиллаж, хоёулаа нэг тракторт ээлжинд явж байгаад л амьдралаа холбосон доо” хэмээн дуусашгүй, дундрашгүй түүхээ өгүүлэн суугаа энэ буурай атрын анхны аяны трактор комбайнч байсан илгээлтийн эздээс ганцаараа Зэлтэр нутагтаа буйраа сахиад үлжээ.

Одоо түүний амьдран суугаа байшин байгаа Зэлтэр голын хөвөө,  Ар нуга гэдэг газрыг тэр үед тариа тарих гээд хагалж байсан аж. Сүүлд Зэлтэр сумын төвийг байгуулжээ. Өнөөдөр өөрийнхөө тариа тарьж байсан газар дээрээ өөрийнхөө байшинг бариад амьдарч байгаа азтан бол Маруся гуай.

Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад Зэлтэр нутаг маань хөгжиж байна аа. Хүн ам нь нэмэгдсэн, байшин барилга олширсон, мал ахуй нь өссөн байна. Манай суманд газар газраас улсууд их ирдэг. Одоо ч мөн адил манай энд гадна, дотноос хүмүүс ирсээр л байна. Залуучуудад захихад техникээ сайхан гамтай эдлээд, хийж байгаа ажлаа яг өөрийн сэтгэлээсээ хандаад хөдөлмөрлөх юм бол амжилт бүхэн ирнэ шүү хэмээн атрын анхдагч, анхны комбайнч эмэгтэй Маруся гуай сургамж хэлсэн юм. Түүний хүү Ц.Отгонтүйн өнөөдөр Зэлтэр буюу Түшиг сумын Засаг даргаар ажиллаж байна.

Түүх түүхээрээ байх сайхан. Олон олон үеийн  түүхийг бүтээгч хүмүүн бидний нэг, эгэлхэн тариаланч Г.Маруся гуай цагаахан атаархал төрүүлэм хор шартай, улаан тугны эзнээр олон удаа тодорч байсан амжилтаа үнэлүүлж, атрын анхдагч, анхны эмэгтэй комбайнч гэсэн анхны анхны тодотголуудаараа төрдөө үнэлэгдэж, энгэртээ “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гялалзуулах цаг мөдхөн айсуй байхын ерөөлөөр бяцхан хөрөг тэмдэглэлээ өндөрлье. 

Холбоотой мэдээ