Египетээс 4400 жилийн тэртээх булш олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-12-17 13:08:13

КАИР. /BBC/. Египетийн нийслэл Каир хотоос холгүй оршдог Саккара бунхнаас 4400 орчим жилийн тэртээх эртний булш олсон тухай тус улсын Засгийн газраас мэдээлэв.


Эртний эдлэлийн яамны сайд Халед аль-Ананигийн мэдээлснээр, уг булш нь 4400 жилийн өмнөх үед хамаарах Тавдугаар хаант улсын үед амьдарч байсан номлогчийнх байж магадгүй ажээ.


10 метр урт, 3 метр өргөн булшны ханыг сийлбэрт хөшөө болон сүг зургуудаар чимэглэсэн байсан бөгөөд булшны цэнхэр болон улаандуу бор өнгүүд нь тод хэвээр хадгалагдсан байжээ.


Булшны шалан доогуур таван хэсэг байгаа бөгөөд тэдгээрийн дотор авс болон эдлэл хэрэгслүүдийг хадгалсан байж магадгүй хэмээн малтлагын ажлыг үргэлжлүүлсээр байгаа юм байна.


“Энэхүү булш нь шинэ нээлт болсон бөгөөд маш сайн хадгалагдсан байсан” гэж Эртний эдлэлийн яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байжээ.

Холбоотой мэдээ