Д.Трамп Ардчилсан намын гишүүдийн саналыг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-02 15:36:04
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Sputnik/. Ардчилсан намынхны барихыг хүсэхгүй байгаа ханагүйгээр хилийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна.


Ерөнхийлөгчийн шаардаж буй хана барих санхүүжилтийг олгохгүйгээр Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх Ардчилсан намынхны саналтай холбогдуулан Дональд Трамп мягмар гарагт мэдэгдэл хийсэн тухай “The Hill” хэвлэлд мэдээлжээ.


Д.Трамп өөрийн твитер хуудсаараа жиргэхдээ, “Ардчилсан намынхан АНУ-ын хилийн аюулгүй байдлыг үл ойшоож байна” хэмээн тэднийг буруушаагаад, ханагүйгээр хилийн аюулгүй байдлыг хангах боломжгүй гэж мэдэгджээ.


Трампын энэ жиргээнээс харвал тэрбээр 11 өдрийн турш үйл ажилллагаагаа зогсоогоод байгаа Засгийн газрын асуудлыг хэлэлцэж, зохицуулах шинжгүй байна. Түүний үүсгээд буй маргааны гол асуудал бол АНУ болон Мексикийн хил дагуу хана барихад шаардлагатай 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтын асуудал юм.


АНУ-ын хилийг хууль бусаар нэвтрэх цагаачдаас хамгаалахын тулд хана босгох нь хөрөнгө дэмий зүйлд зарсан хэрэг гэж Ардчилсан намынхан үзэж байгаа бөгөөд үүний оронд хил дээр орчин үеийн цахим хяналтын тогтолцоог бий болгохыг санал болгосон юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт “хана барих санхүүжилтийг авах хүртлээ бууж өгөхгүй” гэж жиргэжээ. Мөн тэрбээр, “Эргийн хамгаалалтын аюулгүй байдлын газар зэрэг Засгийн байгууллагууд болон тэдгээрийн хэдэн зуун ажилтан, албан хаагчын цалин, төлбөр тооцоог хойшлуулж, Засгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн зогсоохоос өөр сонголт надад үлдсэнгүй” гэж мэдэгдсэн байна.


2018-2019 оны Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт нь АНУ-ын түүхэнд тавд бичигдэх урт хугацааны түр зогсолт болоод байна. Өмнө нь 1995 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны үед хамгийн удаан буюу 21 хоногийн түр зогсолт болж байжээ.

Холбоотой мэдээ