Тайпэй хотын 101 давхар цамхагаас 2019 оныг угтах ёслолын буудлага хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-02 16:26:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 оныг угтахаар Тайпэй хотын 101 давхар цамхагийн ёслолын буудлагыг хийх үеэр нийт 9 томоохон агуулгын хүрээнд Тайваний ололт амжилт, гайхамшгийг олон нийтэд түгээн сурталчлав.

“Шөнийн зах, олонд танигдсан амтат зоог”, “Төрөл бүрийн мэргэжлийн салбарууд”, “Газар зүйн орчин нөхцөл”, “Эрүүл мэнд, технологи”, “Жимс жимсгэний хаант улс”, “Шинжлэх ухаан технологи, захиалгын үйлдвэрлэл”, “Ардчилал, эрх чөлөө”, “Шашин шүтлэг ба хүч чадал”, “Олон ургальч үзэл” зэрэг агуулгын хувьд Тайванийг түүхийн тавцанаа дэлхийн анхаарлын төвд оруулахад түлхэц болсон 3 үндсэн онцлогийг багтаажээ.

Нэгдүгээрт, Тайванийн байгалийн өнгө үзэмж, газар зүйн орчин нөхцөл нь нүд алдам, хосгүй үзэсгэлэнтэй бөгөөд “Formosa” хэмээн алдаршсан нь утгачилбал “Үзэсгэлэнт арал” гэсэн утгыг илэрхийлдэг.

Хоёрдугаарт, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар нь хамгийн амжилттай яваа олны анхаарлыг татсан салбар юм. Тайванийн үйлдвэрлэл, захиалгын үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбар нь дэлхийд өрсөлдөх чадвараараа дээгүүрт бичигддэг. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны технологийн чиглэлээр дэлхийд нэлээд дээгүүр байрт бичигдэх болсон.

Гуравдугаарт, Тайвань нь үг хэлэх, үзэл бодоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, сонгох эрх чөлөө зэргээрээ ардчиллын үлгэр загвар болж байна. Ёслолын буудлагын үзүүлбэрт нийт 16 мянган ширхэг салют буудуулсан бөгөөд 360 секунд үргэлжлэх тус үзүүлбэрийн үргэлжлэх хугацаа өнгөрсөн оноос 60 секундээр уртассан байна. “Гадаад хүмүүсийн нүдээр Тайвань орон” элементийг шингээсэн уг үзүүлбэрийг шууд дамжуулан үзүүлэхдээ нийт 14 мянган ширхэг LED гэрлийг ашиглаж, гэрлэн шоуны үеэр шөнийн захын амтат зоогоос гадна гэрэлт дэнлүү, уугуул оршин суугчдын тотем шүтээн зэргийг LED дэлгэцээр харуулжээ.

Энэхүү ёслолын буудлага хэдийнэ дэлхийн хүн зоны анхаарлыг татсан нь уг ёслолын агуулгыг жил ирэх тусам шинэчлэн баяжуулсантай холбоотой аж.

 

Холбоотой мэдээ