Орхон аймаг таван байршлаас яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-13 21:29:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт Яаралтай түргэн тусламж үзүүлэх таван цэг байгуулагдлаа. Өөрөөр хэлбэл, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд харьяалагдаж байсан Яаралтай түргэн тусламжийн тасаг таван салбар нэгжтэй болж бие даасан төв болон өргөжиж Нийгмийн Эрүүл мэндийн төвд харьяалагдахаар болжээ.

Учир нь Орхон аймагт жил ирэх тусам яаралтай тусламжийн дуудлага 10-11 хувиар нэмэгддэг тул ийнхүү гэр хорооллын Говил, Баянцагаан, Дэнж баг  болон хотын төвийн нэг багт Яаралтай түргэн тусламжийн цэг ажиллахаар болов.

“Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт  487 мянган дуудлага хүлээн аввсан бол үүний  20 мянга гаруй нь Орхон аймагт бүртгэгдсэн” гэж ЭМЯ-ны Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн дарга С.Ариунболд хэллээ. Тэрээр Орхон аймгийн Нийгмийн Эрүүл мэндийн төвтэй хамтран Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний талаар сургалт зохион байгуулахдаа дуудлагыг хэрхэн хүлээж авах, ямар арга хэмжээ авах, эмч, сувилагч, жолооч гурав багаар хэрхэн ажиллах талаар Японы туршлагаас хуваалцсан юм. Сургалтад шинээр байгуулагдаж байгаа Яаралтай түргэн тусламжийн төвд ажиллах 20 гаруй ажилтан хамрагдлаа.

Яаралтай түргэн тусламжийн таван цэг байгуулагдснаар түргэн тусламжийн үйлчилгээг богино хугацаанд үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард гурав, энэ сард хоёр цэг байгуулагдсанаар ийнхүү Орхон аймаг таван байршлаас яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Холбоотой мэдээ