Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 42 хувийг хөдөлмөрийн маргаан эзэлж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-05 00:27:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 онд нийтдээ 128 иргэний хэрэг шийдвэрлэснээс 54 хэрэг буюу 42,1 хувийг хөдөлмөрийн маргаан эзэлжээ.

Тус шүүхээс хөдөлмөрийн маргаан бүхий нийт хэргийн 59,3 хувь буюу 32 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 14 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Мөн хоёр хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан, нэг хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, таван хэргийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг тус тус гаргажээ.

Хөдөлмөрийн маргаан бүхий 54 иргэний хэргийг төрлөөр нь авч үзэхэд, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай маргаан 33,3 хувийг, ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаан 50 хувийг, “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал хүчингүй болгуулах тухай маргаан 5,5 хувийг,  өөр ажилд томилохыг ажил олгогчид үүрэг болгох шийдвэр гаргуулах тухай маргаан 7,4 хувийг, тэтгэмж гаргуулах тухай маргаан 1,9 хувийг, хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, шүүхийн шийдвэрийн дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид үүрэг болгох тухай маргаан 1,9 хувийг эзэлж байна.

Тухайн шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай 18 хэргээс 11 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ, зургаан хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэг хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн ажилд эгүүлэн тогтоолгох тухай 27 хөдөлмөрийн маргаанаас 17 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, 12 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

“Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал хүчингүй болгуулах тухай гурван хөдөлмөрийн маргааны 75 хувийг буюу хоёр хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэг хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Өөр ажилд томилохыг ажил олгогчид үүрэг болгох шийдвэр гаргуулах тухай дөрвөн хөдөлмөрийн маргаанаас нэг хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэг хэргийн хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдсэн хоёр хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ. Мөн ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэг хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн гэрээний үндсэн цалинг тогтоосон нөхцөлийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан болохыг тогтоож, урьд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хариуцагчид үүрэг болгох тухай нэг хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ