Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-02-04 17:24:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор өнгөрсөн сарын 29-нд “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн Цагаан сарын баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэхийн өмнө уншиж сонордууллаа. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа зарлигт холбогдох байгууллагын төлөөллүүдэд зарлигийг гардуулж өгөв.

“МОНГОЛ БААТАРЛАГ ТУУЛЬСАА ДЭЭДЛЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГТ:

“Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

“Аваргасын таван бодон”, “Алтан ундарга”, “Бужин даваа хаан”, “Довон хар бөх”, “Жангар”, “Зул алдар хаан”, “Мөнх сайхан төрт Алтан торц”, “Хан харангуй”, “Хилэн галзуу баатар” зэрэг баатарлаг туульсыг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, дээжээс үндэсний бичигт буулган нэг хувийг бүтээж, Төрийн ордонд дээдлэн залсугай.

Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосугай.

Баатарлаг туульсаа дээдлэн хамгаалах, бүртгэн судлах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах; туульч, өвлөн уламжлагч, өв тээгчид болон судлаачдыг урамшуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай.

Монгол баатарлаг туульсынхаа агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцохыг төрийн ба төрийн бус байгууллага, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан дээрх зарлигийг БСШУСЯ-нны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Хэлний Бодлогын Үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн ахлах ажилтан Б.Катуу нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардуулсан юм.

Зарлиг гардуулах ёслолын дараа Монгол Улсын төрийн соёрхолт, туульч Баатарын Авирмэдийн хүү, Занын Жилкэрийн ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж, Баян-Алтайн дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнэцогтын Баатаржав нар “Алтайн магтаал”-ыг товчлон хайллаа.

Холбоотой мэдээ