Халимагт Чингис хааны хөшөөг байрлуулжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-02-08 18:40:23

КРАСНОДАР. /TASS/. ОХУ-ын Халимаг улсын Яшкульск дүүргийн Привольный сууринд Чингис хаанд зориулсан анхны хөшөөг байрлуулжээ. Энэ талаар тус сууринд дурсгалын цогцолбор байгуулах гэж буй Халимагийн "Улан-Хееч" үржүүлгийн үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч Светлана Горяева мэдээллээ.


“Үржүүлгийн үйлдвэрийн даргын санаачилсан дурсгалын цогцолборын барилгын ажлыг хоёр үе шаттайгаар үйлдвэрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ. Эхний шатанд Чингис хааны хөшөөг байрлууллаа. Хавар эхлэх хоёр дахь шатанд түүнийг өргөж байгаа мэт харагдах дөрвөн дайчны хөшөөг суурилуулах бөгөөд нэгдмэл том цогцолбор болно” гэж Горяева ярьжээ.


Түүний хэлснээр, энэ нь Орост байрлуулсан Чингис хааны цорын ганц хөшөө юм. Хөшөөг нээх ёслолын арга хэмжээ цогцолборыг барьж дууссаны дараа болно.


Уг хөшөө нь 2.5 тонн жинтэй бөгөөд суурин дээр хуучин монгол бичигт суурилан зохиосон тод бичгээр Чингис хааны нэр болон амьдралын он жилийг сийлжээ. Чингис хааны хөшөөг тойруулан дөрвөн дайчны хөшөөг суурилуулж, түүнийг их хаанд өргөмжилсөн монгол овог аймгуудийн туг далбааг байрлуулна. Тэдгээрийн дотор торгуудууд байсан бөгөөд үр удам нь дурсгалын цогцолбор байгуулах гэж буй Халимагийн энэ дүүрэгт өнөөг хүртэл амьдарч байгаа аж. 

Холбоотой мэдээ