Баярын өдрүүдэд зам тээврийн осол 13 хувиар цөөрчээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-02-12 09:19:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Битүүний өдрөөс шинийн гуравны хооронд зам тээврийн осол13 хувиар, гэмтсэн хүний тоо 23.8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар жолоо барьсан зөрчил 24 хувиар буурсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Тээврийн цагдаагийн алба сар шинийн баяр, амралтын өдөр улсын хэмжээнд нийт 1903 дуудлага хүлээн авснаас зам тээврийн 489 ослыг шалгаж, шийдвэрлэв.


Нийслэлд ослоор 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн байна. Үүнээс 12 нь буюу 92 хувь нь орон нутгийн замд амиа алдсан. Харин 80 хувь буюу 49 хүн нийслэлд зам тээврийн ослоор гэмтсэн байна. 


Буруу гүйцэж түрүүлсэн, хэт ядарсан үедээ машин барьсан зэрэг шалтгаан нийт зөрчлийн багагүй хувийг эзэлсэн. Нийт ослын дийлэнх буюу 65 орчим хувийг хурд хэтрүүлснээс онхолдсон, мөргөлдсөн осол эзэлжээ. Мөн суудлын бүс зүүгээгүй, хүүхдийг тусгай зориулалтын суудалд суулгаагүй зэрэг зөрчил олон гарсан бөгөөд нэг хүүхдийн амь нас хохирсон гол шалтгаан болжээ.


Орон нутагт Архангай, Дундговь, Булган, Төв, Орхон аймгуудад зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн бөгөөд тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Уран тогоо” гэх газар засмал замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, 7 настай эрэгтэй хүүхэд нас барж, 3 хүн гэмтсэн байна. Төв аймгийн Лүн сумын “Цагаан хөтөл” гэх газар засмал замд Toyota Prius маркийн автомашин  онхолдож, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн байна.


Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа нь иргэд баяр, ёслолоо согтууруулах ундаагүй сайхан тэмдэглэж байгаа, мөн цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалттай шууд холбоотой аж. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархалтай хандаж байв.


Мөн өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлснээс, замын хөдөлгөөн ихсэх тул иргэдийг цагаа зөв тооцож, 5-10 минутын өмнө гэрээс гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ