Зэргэлдээ сумдын малчид хаваржилтын байдалд асуудал үүсгэж магадгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-20 10:19:13

Төв/МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэсант сум өнтэй сайхан өвөлжжээ. Тус сум "Өвөлжөө, хаваржаа"-г зөв зохистой ашиглах талаар баримт бичиг боловсруулан, багийн иргэдийн хурлаар  батлуулан ажиллаж байгаа бөгөөд иргэд, малчид өөрсдөө хяналт тавьдаг тул энэ ажил сайн хэрэгжиж байгаа юм байна.

Харин зэргэлдээ сумын малчид дураар орж ирж, хаваржааны талбайг эрт ашиглаж байгаа нь асуудал үүсгээд байна хэмээн ЗДТГын дарга Б.Сарантуяа хэллээ.

Төв аймгийн Эрдэнэсант сумын засаг дарга Ө.Машбаяраар ахлуулсан гурван баг тус сумын малчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцож, зөвлөгөө өгөхөөр энэ сарын 19-нд сумд руу гарлаа.

Ажлын хэсгийн зорилго отроор ирж өвөлжсөн Бүрд, Баян-Өндөр сумын малчидтай уулзаж, өөр газар шилжүүлэн нүүлгэж, нутгийн хаваржааг чөлөөлүүлэн, мал төлөлтөд бэлтгэх, малчдын хаваржилтын бэлтгэл ажилтай танилцах, халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх гарын авлага материал тараах, зөвлөмж өгөх,  зорилготой хөдөө орон нутагт ажиллах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг гурван баг болон хуваагдаж, Угалзат багт ажиллах ажлын хэсгийн ахлагчаар "Мал эмнэлгийн тасгийн дарга Г.Гэрэлтуяа, Баян уулын багт 1-р багийн Засаг дарга Ц.Хатантуул, Даргил, Буянт багт сумын засаг дарга Ө.Машбаяр ажиллах юм байна.

Эрдэнэсант сум өнтэй өвөлжсөн учраас малаа энэ нутагт төллүүлэхээр одоо ч зэргэлдээ нутгийн малчид нүүж ирсээр байна гэж Засаг дарга мэдээллээ. Төв аймгийн Эрдэнэсант сум аймагтаа хамгийн олон малтай /391,4 мянган/ бөгөөд мянгаад малчин өрхтэй  бөгөөд энэ жил тус суманд 160 мянган толгой мал төллөх гэнэ. 


Холбоотой мэдээ