Кисэносатогийн хөшөөг төрсөн нутагт нь босгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-19 12:54:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 72 дахь Их аварга /ёкозүна/ Кисэносатогийн төрсөн нутаг Үшикү хотод нь түүний хөшөөг босгохоор болжээ.


Өдгөө 32 настай Их аварга Кисэносато  анх 2002 оны гуравдугаар сард сумо бөхийн ертөнцөд хөл тавьж, хоёр жилийн дараа буюу 2004 онд дөнгөж 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон. Ингээд 2012 онд Озэки цолонд хүрч, 2017 онд Их аварга цолыг хүртсэнээр 1998 оноос хойш энэ цолонд хүрсэн анхны Япон сумоч болсон билээ. Өнгөрсөн хугацаанд Монголын 4 Их аварга Японы мэргэжлийн сумогийн дэвжээг ээлжлэн эзэгнэсээр байгаа билээ.


Ёкозүна Кисэносатог дэмжих нийгэмлэгийн ёслол түүний төрсөн нутаг Ибараки мужийн Үшикү хотод болж, Кисэносато оролцсон талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ. Зодог тайлснаасаа хойш анх төрсөн нутагтаа ирсэн түүнийг 400 гаруй хүн угтан авсан байна. Хоёр жилийн өмнөх энэ өдөр тус хотод Кисэносато ёкозүна цол хүртсэн баяраа тэмдэглэж байлаа.


Хотын дарга Нэмото Ёожи "Манай хотын бахархал болсон аварга тул бид түүний хөшөөг босгож, музейг нь нээнэ" гэж мэдэгдсэн байна.  Кисэносатог дэмжих нийгэмлэг ирэх есдүгээр сарын 29-нд Кисэносатогийн зодог тайлах ёслолоор үйл ажиллагаагаа зогсоох аж. Байгуулагдаад 15 жил болсон тус нийгэмлэг сүүлчийн хурлаа хийж байгаа нь энэ бөгөөд Кисэносато "Арайсо" нэрээрээ дэвжээ байгуулбал тус дэвжээг дэмжих нийгэмлэг болгох юм байна.

Холбоотой мэдээ