Марафонч Б.Мөнхзаяа ДАШТ болон “Токио-2020” олимпийн эрх авчээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-02-21 06:44:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконг хотноо болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 35 минут 44 секунд гүйж VI байрт шалгарсан байна.


Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” ангиллын тэмцээнд түүнийг хань Б.Доржалам нь дасгалжуулсан юм. Б.Мөнхзаяа уг амжилтаараа энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах Олимпийн наадамд оролцох болзол хангажээ. Тэмцээний өмнөх бэлтгэлээ тэрээр Хөх хотод хийсэн байна. Б.Мөнхзаяа 17 наснаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэн, ес дэх жилдээ уралдаан тэмцээнд оролцож байгаа юм.


“Рио-2016” олимпийн наадамд анх хурдаа сорихдоо 72 дугаар байрт шалгарсан юм. Тэрбээр таван зай (3, 5, 10, 21, 42 км)-д Монгол Улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. Өдгөө 26 настай Б.Мөнхзаяа 2017 онд Тайванийн марафонд түрүүлж алтан медаль хүртсэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь тамирчин болсон билээ.

Холбоотой мэдээ