Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улсыг хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-27 08:44:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол Улсыг хариуцах захирлаар томилогдсон ноён Ж.Крочеттийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОУШХБ-аас Ж.Крочеттийг Монгол Улс дахь салбарын захирлаар томилсон итгэмжлэх захидлыг хүлээн авч, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэлээ. Мөн гадаадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хилийн чанадад зорчих үедээ хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон, хүнд нөхцөлд байгаа иргэдийг эх оронд нь буцаан ирүүлэхэд ОУШХБ-аас тусламж, дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлж, тус байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Ноён Ж.Крочетти ОУШХБ-ын үйл ажиллагаа, өнөөгийн зорилт болон тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар Гадаад харилцааны сайдад танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн болно.

Холбоотой мэдээ